“Нэгдсэн Орос” нам Төрийн Думд 343 суудал авах нь тодорхой болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
adiyakhuu@montsame.mn
2016-09-19 17:05:14

МОСКВА./TASS/. Сонгуулийн урьдчилсан дүнгээр “Нэгдсэн Орос” нам Төрийн Думын нийт суудлын 76,22 хувийг авна гэж Оросын Сонгуулийн Төв Комисс мэдээллээ. Өчигдөр буюу ням гарагт Төрийн Думын сонгууль холимог тогтолцоогоор явагдаж, 225 депутатыг намын жагсаалтаар, 225 депутатыг нэг мандаттай тойргоос сонголоо.

Урьдчилсан дүнгээр, “Нэгдсэн Орос” нам нийт 343 суудал /76,22 хувь/, Коммунист нам 42 суудал /9,34 хувь/, Либерал-Ардчилсан нам 39 суудал /8,67 хувь/, “Шударга Орос” нам 23 суудал /5,11 хувь/ тус тус авахаар байна. Харин “Родина” болон “Гражданская платформа” нам тус бүр нэг суудал авсан бол бие даан нэр дэвшигчдээс Владислав Резник ялалт байгуулжээ.

Нийт саналын хуудасны 93 хувийг тоолсны дараах байдлаар сонгуулийн ирц 47,81 хувьтай байна. Сонгуулийн ирц тодорхой хувьд хүрсэн тохиолдолд сонгуулийг хүчинтэйд тооцно гэсэн заалт ОХУ-ын хуульд байдаггүй ажээ.

Б.Адъяахүү  

 

Холбоотой мэдээ