Өмнөд Солонгосын тамирчид Ханжөүд түрүүлбэл цэргийн албанаас чөлөөлөгдөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТХАНЖӨҮ./CNN/. Ханжөүгийн Азийн наадмын албан ёсны төрөл болсон цахим спортоор өрсөлдөж буй Өмнөд Солонгосын тамирчид алтан медаль авснаар цэргийн албанаас чөлөөлөгдөхийг хүсэж байна.
Өмнөд Солонгосын эрэгтэй тамирчдын хувьд Азийн наадмаас алтан медаль, эсвэл
Олимпын наадмаас медаль хүртэх
нь нэр төрийн хэрэг төдийгүй цэргийн албанаас чөлөөлөгдөх боломж ажээ.
Өмнөд Солонгосын хуулиар хөдөлмөрийн чадвартай бүх хүн 28
нас хүртлээ 18 сарын хугацаанд цэргийн алба хаах ёстой.
Харин спорт, соёл, урлагийн салбарт амжилт
гаргасан эрчүүд 30 нас хүртлээ армид алба хаахаас чөлөөлөгддөг байна.
Энэ хууль нь дэлхийн супер од BTS хамтлаг зэрэг нэр алдарт хүрч чадсан залуу хүмүүсийн уран бүтээлийнх нь цаашдын замналд нөлөөлсөн юм. Харин одоо BTS-ийн гурван гишүүн цэргийн албаа хааж байгаа ажээ. Нөгөөтэйгүүр, олимпийн медальтан эсвэл Азийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчдыг цэргийн албанаас чөлөөлж магадгүй байна. Тухайлбал, Премьер лигийн “Тоттенхэм Хотспур” багийн ахлагч Сон Хён Мин 2018 онд Өмнөд Солонгосын шигшээ багийн бүрэлдэхүүнд Азийн наадамд алтан медаль хүртсэнийхээ дараа цэргийн албанаас чөлөөлөгдөж байжээ. Цахим спортын тамирчдын хувьд, солонгос эрчүүд видео тоглоом тоглосныхоо төлөө цэргийн албанаас чөлөөлөгдөх магадлал бий.
Есдүгээр
сарын 27-нд болох цахим спортын “FIFA 4”-ын шувтаргын тоглолтод Өмнөд Солонгосын баг анхныхаа алтан
медалийг авч чадвал багийн гишүүд автоматаар цэргийн албанаас чөлөөлөгдөж магадгүй юм.
“FIFA 4”-ийн тоглогч, 22 настай Квак Жун Хёукаас энэ талаар асуухад "Би энэ тухайд огт боддоггүй гэвэл худлаа болно. Гэхдээ алтан медалийн талаар бодоход эрт байна, бүх хүчээ хэрхэн дайчлах талаар л бодож байна" гэв. “FIFA 4”-т Өмнөд Солонгосыг төлөөлөн оролцож буй 17 настай Пак Ки Ён тэмцээн эхлэхээс өмнө “Би цэргийн албанаас чөлөөлөгдөхийг бус харин нэр хүндтэй тэмцээн болох Азийн наадмаас алтан медаль хүртэхийг хүсэж байна” гэж ярилаа.
Дэлхийн хамгийн алдартай цахим спорт болон видео тоглоомуудын нэг болох “League of Legends” (LoL)-ийн шувтаргын тоглолт есдүгээр сарын 29-нд болох бөгөөд Өмнөд Солонгосын тоглогч, Факер нэрээрээ алдаршсан 27 настай Ли Санг Хёок оролцоно. Түүний хувьд энэ тэмцээн нь цэргийн албанаас чөлөөлөгдөх сүүлчийн боломж ажээ.