Үнийн өсөлттэй тэмцэх, цалинг нэмэгдүүлэх хөтөлбөрөө Японы Ерөнхий сайд зарлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-09-21 10:35:16

НҮБ. /TASS/. Японы Засгийн газар ирэх долоо хоногт инфляцтай тэмцэх, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засгийн арга хэмжээний хөтөлбөрийн гол заалтуудыг боловсруулахаар төлөвлөж байгаа тухай Ерөнхий сайд Кишида Фүмио НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд оролцсоныхоо дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


"Ирэх долоо хоногийн эхний хагаст танилцуулахаар төлөвлөж буй эдийн засгийн хөтөлбөрийн гол заалтуудад үнийн огцом өсөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах, цалин хөлс, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх, хүн амын өсөлт буурч буйг шийдвэрлэх зэрэг асуудлууд тусгагдана" гэж Засгийн газрын тэргүүн хэллээ. Уг хөтөлбөрийг 10 дугаар сарын дундуур боловсруулж дуусгаад парламентад хэлэлцүүлэхээр өргөн барих аж. 


К.Фүмио Японы эдийн засгийн өнөөгийн байдлыг "тогтворгүй хэвээр байна" гэж дүгнэжээ. Түүний хэлснээр, ялангуяа “дотоодын эрэлт, тэр дундаа хэрэглээ, хөрөнгө оруулалт тогтворгүй байгаа” нь тулгамдсан асуудал болоод байна. “Эдийн засгийг шинэ шатанд гаргахын тулд хөрөнгө оруулалтыг дэмжих, цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх шаардлагатай” гэж Японы Ерөнхий сайд нэмж хэлжээ.

Холбоотой мэдээ