ӨВӨРХАНГАЙ: УИХ-аас баталсан хууль тогтоомжийг иргэдэд танилцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр /МОНЦАМЭ/. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Хууль тогтоомж сурталчлах төв”-д Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар баталсан зарим хууль, тогтоомжийг иргэд, олон нийтэд танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэ үеэр Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Боловсролын багц хууль, Улс төрийн намын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” тогтоолын талаар танилцуулж, мэдээлэл өглөө.
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган ажлын 82 өдөр үргэлжилж, бие даасан 23 хууль, Нэмэлт өөрчлөлт оруулах тухай 140 хууль, Олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенц соёрхон батлах найман хууль, Хууль хүчингүй болсонд тооцох тухай 27 хууль, Улсын Их Хурлын 66 тогтоол зэрэг нийт 264 хууль, тогтоомжийг баталсан байна.