АРХАНГАЙ: Монгол Улсын анхны маршалын дурсгалыг хүндэтгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-09-18 09:48:41

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдах бүрэлдэхүүн, харьяа анги байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Өрлөг жанжин Г.Дэмидийн төрсөн нутаг Ихтамир суманд ажиллаж байна.


Тус суманд “Бидний бахархал” төсөл өрнөж, Батлан хамгаалах хууль, тогтоомжийг сурталчилж, иргэдэд Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Монгол цэргийн музей, буудлагын үзэсгэлэн, Батлан хамгаалахын төв архив лавлагаа, үйлчилгээ үзүүлжээ.


Мөн Зэвсэгт хүчний 186, 032 дугаар ангийн Үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүнтэй дуутай жагсаал, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчдийн тоглолтыг сонирхууллаа.


Арын сайхан хангай нутгийн ард түмэн эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө амь бие хайргүй зүтгэсэн Улсын гурван баатар, мөн Монгол Улсын анхны маршал Өрлөг жанжин хүүгээрээ омогшин бахархдаг.


Тус сумаас төрөн гарсан Монгол Улсын анхны маршал Өрлөг жанжин Гэлэгдоржийн Дэмидийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ. Эгэл ардын журамт цэргээс өрлөг жанжин, Улсын маршал болсон Ихтамирын хүү Г.Дэмид нь бага залуудаа бичиг үсэг бие даан сурч, жин тээж, Ардын журамт цэрэгт элсэж, цэргийн даргын сургуулийг амжилттай дүүргэж, тэндээ сумангийн дарга, улмаар Цэргийн Ерөнхий сургуулийн захирлаар томилогдон ажиллажээ. Залуу авьяаслаг цэргийн зүтгэлтний ажил хэрэгч чанар, удирдахуйн авьяас билэг нь нам төрийн удирдлагуудын хараанд өртөж, Улсын Бага Хурлын тэргүүлэгч гишүүн, МАХН-ын Төв хорооны тэргүүлэгч гишүүн, Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга бөгөөд Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин болжээ.


Г.Дэмидийг эсэргүү удирдагч гэсэн тодотголтойгоор хожмын түүхэнд бичиж үлдээсэн байсныг хожим нэр төрийг нь сэргээж, гэрэлт хөшөөг уугуул нутаг Архангай аймгийн төв болон төрөлх Ихтамир суманд босгож, хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай болжээ. 


Холбоотой мэдээ