Тураах эм үйлдвэрлэгч компани Европын хамгийн үнэ цэнтэй компани болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-09-05 17:09:09

ЛОНДОН. /BBC/. Wegovy” гэдэг нэртэй тураах эмийг үйлдвэрлэж буй Novo Nordisk” компани зах зээлийн үнэлгээгээрээ Францын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “LVMH” группийг гүйцсэнээр Европын хамгийн үнэ цэнтэй компани болжээ. 


Дани улсад бүртгэлтэй тус компани эрэлт ихтэй байгаа тураах эмийг Их Британид борлуулж эхэлсний дараа хувьцааных нь ханш огцом өссөн байна. Даваа гаргийн арилжаа хаагдах үед тус компанийн зах зээлийн үнэлгээ 428 тэрбум ам.долларт хүрчээ.


Wegovy” эмийг одоо Их Британийн улсын болон хувийн эмийн сангуудаар худалдаж байна. Таргалалтын эсрэг уг эмийг долоо хоногт нэг удаа хэрэглэдэг бөгөөд хүмүүст цадсан мэдрэмж төрүүлж, улмаар бага идэж, жин хасахад нөлөөлдөг.


2021 онд АНУ-ын холбогдох байгууллагуудын зөвшөөрлийг авснаас хойш Холливудын алдартнууд болон олон нийтийн анхаарлыг татсан уг эмийг хэрэглэгчдийн дотор Илон Маск зэрэг алдартай хүмүүс байдагWegovy болон түүнтэй ижил төстэй  үйлчлэл бүхий чихрийн шижингийн эсрэг Ozempic” гэдэг эмийг “гайхамшигт” эм хэмээн тодорхойлсон нь бий.


Гэхдээ мэргэжилтнүүдийн зүгээс, эдгээр эмийг "хурдан бөгөөд хялбархнаар турах шийдэл биш" гэж үздэг бөгөөд эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнийг орлохгүй гэдгийг анхааруулж байна. Туршилтын явцад эмчилгээг зогсоосны дараа хэрэглэгчид дахин жин нэмж байгаа нь ажиглагджээ.


Дэлхий даяар уг эмийн хомсдол үүсээд байгаа тул Их Британийн Үндэсний эрүүл мэндийн газарт /NHS/ хязгаарлагдмал хэмжээний нөөц ирсэн байна. Тус газраас гаргасан удирдамжид дурдсанаар, семаглютид эм агуулсан Wegovy” эмийг зөвхөн илүүдэл жинтэй, таргалалтаас үүдсэн эрүүл мэндийн асуудалтай өвчтөнүүд авах боломжтой. 


Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ мэдээллээр, Их Британид насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь жингийн илүүдэлтэй байгаа нь Европ тивд хамгийн өндөр үзүүлэлт юм.


Өнгөрсөн сард хийсэн туршилтын явцад, Wegovy эм нь цус харвалт, зүрхний шигдээс үүсэх эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоожээ. 

 




Холбоотой мэдээ