ДУНДГОВЬ: Аймгийн хэмжээнд 76 багш дутагдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-08-22 14:10:00
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. 2023-2024 оны хичээлийн жилд Дундговь аймгийн 15 сумын 19 сургуульд 76, 22 цэцэрлэгт 49 багш, ажилтны орон тоо дутуу байгааг БШУГ-аас мэдээллээ. 


Тодруулбал, тус аймгийн хэмжээнд бага ангийн багш 15, математикийн багш 8, орос хэл, англи хэлний багш 10, монгол хэлний багш 7, бусад мэргэжлийн багш нар 1-4 дутагдалтай байна.


19 сургуулиас Эрдмийн далай цогцолбор сургууль, Мандал сургууль болон Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Дэлгэрцогт сумын Ерөнхий боловсролын сургуулиудад 5-аас дээш буюу хамгийн олон багшийн орон тоо сул байна. Харин цэцэрлэгүүдэд бүлгийн багш, эмч, тогооч, угаагч, үйлчлэгчийн хэрэгцээ өндөр байгаа юм.  


2022-2023 оны хичээлийн жилд тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад 521 багш ажиллаж байсан бол энэ жил багшийн орон тоо нэмэгдэж, 540 орчим багш ажиллах аж. Багш нарын хүрэлцээ муу байгаа шалтгааныг тодруулахад олон багш нар гадаадад ажиллахаар явсан, шилжсэн, ажиллаж байсан ахмад багш нар ажлаасаа гарсан байна.


Багш нарын сул орон тоог нөхөхийн тулд ахмад багш нарыг ажиллуулах, багш мэргэжлээр суралцаж байгаа 3-4 дүгээр курсийн оюутнуудтай гэрээ байгуулан цалинтай дадлага хийлгэх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэж БШУГ-ын мэргэжилтнүүд тодотголоо. 

Холбоотой мэдээ