Дун Суйчин: Монголд бэлчээрийн даацтай уялдуулан малын тоо толгойг зохицуулах арга туршлагыг нэвтрүүлэх нь чухал байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-08-10 12:47:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи-2023” (EST-2023) олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг “Холидэй Инн” зочид буудалд зохион байгуулж байна.


Хуралд Монгол, ОХУ, БНХАУ, Япон, Норвег, Канад, Герман, БНСУ-ын 80 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, бүс нутгийн болон Монгол Улсын нөхцөлд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буй талаар болон үүнтэй холбогдуулан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд учирч буй эрдслийг бууруулах, даван туулах талын судалгаа, зөвлөмжийг хэлэлцэж байна. Энд оролцогч зарим эрдэмтэн, судлаач, мэргэжилтний үг, байр суурийг хүргэе.


БНХАУ-ын ШУА-ийн Байгалийн нөөц, газар зүйн шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор Дун Суйчин хэлэхдээ, уур амьсгалын өөрчлөлт зөвхөн Монгол, Хятад гэлтгүй, дэлхийн хаа сайгүй хүчтэй нөлөөллөө үзүүлж байна. Сүүлийн үед дэлхийн температур эрс нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор зуны улиралд борооны хур тунадас их хэмжээгээр нэмэгдэж байна. БНХАУ-ын хувьд төв, хойд хэсэг болон бусад орон нутгийн бүсүүдэд байгалийн үзэгдэл үер их давтагдах болсон. Манай улсын төр, засгаас үүнээс урдчилан сэргийлэх, үер усны дараа хүмүүсийн амь насыг авран хамгаалах, ямар аргаар хурдан сэргээн босгох тал дээр төвлөрөн ажиллаж байна гэв.


Тэрбээр, Монгол Улс, БНХАУ-ын хувьд хөрш, олон жилийн найрсаг харилцаатай орнууд. Бид Монгол Улсад сүүлийн жилүүдэд газар их доройтож, цөлжилт хүчтэй явагдаж шороон шуурга ихэсэх зэргээр уур амьсгалын өөрчлөлт хүчтэй нөлөөлж буйг харж мэдэж байгаа. Энэ бүхний эсрэг Хятад улс хамтарч ажиллахад хэзээд бэлэн байдаг гэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд БНХАУ цөлжилт, газрын доройтлыг бууруулж, бэлчээрийн нөхөн сэргээх зэрэгт судалгаа хийж, технологи нэвтрүүлж хамтран ажиллахад ямагт бэлэн, ажиллаж эхэлж байгаа. Эдийн засагч, экологич хүний хувьд хэлэхэд Монголд бэлчээрийн даацтай уялдуулан малын тоо толгойг зохицуулах арга туршлагын нэвтрүүлэх нь чухал байгаа нь харагддаг гэв.


ШУА-ийн гишүүн, академич, төрийн дээд шагнал “Чингис хаан” одонт, доктор, профессор Д.Доржготов, дэлхийн дулаарал, байгаль орчны өөрчлөлт нь улс бүрд тулгамдсан асуудал болж байна. Зарим газар нь хэт дулаараад ус хур тунадас ховордож байгаа бол өөр нэг газар нь цэвдэг гэсэх, хур элбэгших зэргээр янз бүрийн байдлаар нөлөөлж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн цөлжилтийг дагуулж буй зүйл биш юм гэв.


Доктор, профессор Д.Доржготов: Манай улс ус, хөрс зэрэг хүрээлэн буй орчны судалгаа шинжилгээг хэрэгцээнийхээ хэрээр хийж чадахгүй байна.


“Хүрээлэн буй орчныг уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах, учирч буй эрсдэл гамшгаас хэрхэн сэргийлэх талаар манай улсад ямар судалгаа, шинжилгээ хийгдэж байдаг вэ?” гэсэн асуултад тэрбээр, “Хүрээлэн буй орчин гэдэг нь агаар, ус, газар шороо буюу хөрс гэсэн гурван зүйлээс хамааралтай, бидний амьдрах орчин бүрддэг юм” гэдгийг тодотгоод, МУИС агаарын бохирдол, урсгалыг судалж байна. Усны судалгааг гол бүрдийн хөрсний салбар байгаа, хийж байгаа.


Гэхдээ хүрээлэн буй орчны дагнасан судалгаанууд манай улсад өргөн хүрээнд далайцтай явагдаж чадахгүй байна гэв. Энэ нь мэргэжлийн хүмүүс цөөн, санхүүжилт бага, тааруу байгаа зэрэг олон зүйлээс шалтгаалж буйг эрдэмтэн доктор Д.Доржготов хэллээ. Хөрс, усны судалгаа шинжилгээ дээр улсын хэмжээнд тус бүр 10-20 гаруй, цөөн тооны судлаач, мэргэжилтэн ажиллаж байгаа нь учир дутагдалтай байна. Тиймээс бид гадаадын эрдэмтэн судлаач нартай хамтран, тэднээс дэмжлэг авахгүй бол дангаараа ажиллахад амжихгүй байна гэдгийг ч тодотголоо. 

Эрдэм шинжилгээний өнөөдрийн хурлын талаар мөн ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, усны мэргэжилтэн Б.Одсүрэнгээс тодруулав.

-Нийслэл болон бусад аймаг, орон нутагт гарч буй үер, усны гамшгаас харахад хэрэв урд нь бид усан сан болон хамгаалах далангаа байгуулаад байсан бол энэ олон үеэр болохгүй байх байсан. Яагаад гэвэл үерийн ус хуримтлагдах байлаа. Үер боллоо ч гэсэн бид бага хохирол амсах байсан. Тиймээс одоо бид цаг алдахгүйгээр үерээс хамгаалах усны далангаа байгуулья гэж мэргэжилтэн хүний хувьд хэлж байна.

-Үер усны давтамжтай холбоотойгоор ширгэсэн, тасарсан гол ус сэргэж байгаа гэсэн. Энэ хэдэн хувьтай байна вэ? Хоёрт, үер ус их болж буйтай холбоотойгоор ус хуримтлуулах төслүүд юу болж буй талаар хөндөгдөж эхэллээ. Энэ талаар мэргэжлийн хүний хувьд тодруулна уу?

-Үер усны гамшиг гараад удаагүй байгаа болохоор энэ талын судалгаа, тооцоо одоогоор хараахан гаргаагүй байна. Ус хуримтлуулахын хувьд та “Хөх морь” төслийг хэлж байх шиг байна. Энэ төсөл олон жил яригдаж байгаа нь үнэн. ТЭЗҮ-г нь хийгээд бэлэн болчихсон, сүүлийн жилүүдэд ахицтай яваа. Геополитикийн нөлөөлөл, санхүүгийн асуудал зэрэг тулгамдаж шалтгаалж буй зүйл олон байгаа ч сүүлийн жилд төр,засгийн түвшинд анхаарч яаралтай хэрэгжүүлэх талаар ярьж хэлэлцэж байна. Засгийн газраас санхүүжилтийг шийдэж, энэ төслийг зөвшөөрөөд эхлүүллээ гэхэд төслийг хэрэгжүүлэх инженер, техникийн ажилтнуудаас эхлээд боловсон хүчин манай улсад бэлэн байгаа гэв. 


Холбоотой мэдээ