Ундны усыг шинжлэхэд эерэг сорьц илрээгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ус сувгийн удирдах газар /УСУГ/-ын харьяа ундны усны зургаан эх үүсвэр, зөөврийн болон шугамын ус түгээх 63 байр, хувийн эзэмшлийн 11 гүний худгийн уснаас 160 сорьц авч, Стандарт хэмжил зүйн газрын лабораторид хими, нян судлалын шинжилгээ хийхэд эерэг сорьц илрээгүй байна.
Сэлбэ голын ус долоодугаар
сарын эхээр эргээ хальж үерлэснээс орон сууцны зоорийн давхар, гудамж,
талбайн хөрсөнд бохирдол үүссэн тул гэдэсний
халдварт өвчин дэгдэх, бусад
эрсдэлээс сэргийлж байгаа. Шинжилгээнд
хамрагдсан бүх цэвэрлэх байгууламжийн усанд гэдэсний бүлгийн болон эмгэг төрөгч
нян илрээгүй. Түүнчлэн 59 байршилд хөрсний дээж авч, хими, нян судлалын
шинжилгээ хийсэн. Үүнээс 30.5 хувь нь дунд зэргийн, 69.5 хувь бага зэргийн
бохирдолтой гэж дүгнэжээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар
хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч М.Мөнхгэрэл ярихдаа, “Хөрсний дээж авахаар тогтоосон
74 байршлын 59 цэгээс нь дээж
авсан. Үүнээс Амгалан, Яармаг, Офицеруудын ордон, Шархадны эцэс, Ханын
материал, Хайлааст зэрэг 18 нь дунд, бусад нь бага зэргийн бохирдолтой гарсан. Эдгээр газрыг дахин халдваргүйжүүлэх
зөвлөмж өгсөн. Үлдсэн 15 байршлаас шинжилгээ, сорьц авна. Улаанбаатар хотод 157 орон сууц, тэдгээрийн
340 орц, хонгил, гадна талбай, хүүхдийн тоглоомын гээд 2,156,288 ам метр талбай, Сэлбэ, Дунд
голын ай сав дагуух 1,697,631 ам метр хөрсийг ариутгалаа. Түүнчлэн гэр хорооллын шаардлага хангаагүй нүхэн жорлонг шинэчлэх,
боломжоороо халдваргүйжүүлэх
зөвлөмж дүүргүүдэд хүргүүлж байна”
гэв.