ДОРНОД: Шинэ Музейн үзмэрийн 40 хувь нь цахим контент байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-07-26 12:05:24

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн шинэ Музейн нийт үзмэрийн 40 хувийг цахим контентэд тулгуурлах бол 60 хувь нь олон улсын чанарын шаардлага хангасан үзмэрийн орчин байхаар төлөвлөж байна.


Соёлын өвийн үндэсний төвийн захирал, доктор Г.Энхбатаар ахлуулсан баг энэ өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж, аймгийн шинэ музейн үзүүллэг, дэглэлтийн төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.   


Дэлхийд ховордсон байгалийн өвөрмөц төрх, орон зайд тулгуурлан “Байгалийн түүхийн танхим”-ыг төлөвлөж байна. Тодруулбал, Төв Азийн өндөрлөг, хялганат хээр, Халх нөмрөг, Монгол дагуур, Хэрлэн гол гэсэн биологийн үндсэн таван төрөл зүйлийн том ай савд Дорнод аймгийн нутаг дэвсгэр багтдаг нь гол онцлог.


Мөн тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний түүхэн алдартнуудаараа Дорнодынхон бахархдаг. Тиймээс То ван, Манлайбаатар Ж.Дамдинсүрэн, маршал Х.Чойбалсан, ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, ардчиллын алтан хараацай С.Зориг зэрэг алдартнуудаар төлөөлүүлэн “Алдартны танхим”-ыг дэглэнэ. Энэ танхимаар дамжуулан үзэгчдэд Дорнод аймгийн түүхийн шинэ хэсгийг хүргэнэ гэв.


Түүнчлэн Халх, Барга, Буриад, Үзэмчин зэрэг олон угсаатны өлгий нутаг учраас угсаатны түүхийн хувьд үнэт зүйлийн агуулга талаас нь төлөвлөж, угсаатны ялгаралыг үзмэрээрээ дамжуулж өгүүлэхээр төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ