Гүн боловсруулах технологийн ажлын гэрээг байгуулахад бэлэн болсныг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2023-07-07 15:00:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНЭУ-ын Парламентын доод танхим (Лок Сабха)-ын дарга Ом Бирла тэргүүтэй тус улсын парламентын гишүүн төлөөлөгчид “Газрын тос боловсруулах үйлдвэр (ГТБҮ) байгуулах төсөл”-ийн ажилтай өнөөдөр танилцлаа.


Зочид төлөөлөгчдийг “Монголын Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д хүрэлцэн ирэхэд төсөл хэрэгжүүлэгч компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, төслийн хамт олон хүлээн авав. Тэрбээр, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, цаашилбал, улс орны эрчим хүчний бие даасан байдалд онцгой ач холбогдолтой, үндэсний хэмжээний томоохон төслийн хэрэгжилтэд анхаарч, онцгой дэмжлэг үзүүлж буй Энэтхэг улсын төр, засагт талархаж буйгаа илэрхийлэв.


Монгол Улсад хэрэгжиж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл” нь Монгол, Энэтхэг хоёр улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн том бэлгэ тэмдэг, чухал хэлхээ холбоо болон хөгжиж буйг тэмдэглэн хэлэв. ГТБҮ байгуулах төслийн төлөвлөлт, инженерчлэлийн үе шат 2021 онд дуусаж, бүтээн байгуулалтад шилжсэнийг зочид, төлөөлөгч нарт дуулгаад, өнөөдрийн байдлаар үйлдвэрийн эхний багц ажил болох технологийн бус барилга байгууламжуудын барилга угсралтын ажил дуусах шатандаа орсныг мэдээлэв.


Одоо 2, 3 дугаар багц ажлууд болох үндсэн технологийн байгууламжууд, газрын тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажил эхлээд буйг төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс танилцууллаа. Мөн үйлдвэрийн хугацаа их шаардах, хамгийн их төвөгтэй байгууламж гэгдэх Гүн боловсруулалтын технологийн байгууламжуудын барилга угсралтын 4 дүгээр багц ажлын гэрээг байгуулахад бэлэн болсныг дуулгав. Ингэснээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүх багц ажлын гүйцэтгэгч нар тодорч, барилга угсралтын ажил нэгэн зэрэг өрнөх нөхцөл бүрдэж байгаа аж.


Тодруулга: БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр Монгол Улсын хөгжлийн төсөлд зориулж, Энэтхэг улсын Засгийн газраас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгдэж байв. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар дээрх зээлээр эрчим хүчний аюулгүй байдалд ач холбогдол бүхий Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн юм. 

Холбоотой мэдээ