ӨВӨРХАНГАЙ: Спортын клуб, холбоодыг алдаршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-06-24 07:21:12

Арвайхээр /МОНЦАМЭ/. “Тамирчдын өдөр”, Олон улсын “Олимпийн өдөр”-ийг тохиолдуулан аймгийн БТСГ-аас спортын холбоо, клубүүдийг олон нийтэд танилцууллаа. “Эерэг хандлага - Эрүүл нийгэм” уриан дор зохион байгуулсан тус үйл ажиллагаанд спортын 14 холбоо, 3 клуб, Арвайхээр сумын 13 багийн иргэдийн төлөөлөл зэрэг 920 хүн оролцсон юм.


Энэ үеэр ахмадын хийн дасгал, авто спортын экстрим үзүүлбэр, шугаман бүжгийн үзүүлэх тоглолтыг олон нийтэд толилуулж, амжилт гаргасан тамирчдаа шагнан урамшуулав.



Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, “Цаг гаргая” аянаар насанд хүрэгчдийн дунд бүх нийтийн гүйлтийн тэмцээн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд дөрвөн төрөлт тэмцээн, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд уран гимнастикийн тэмцээн, ахмадын дунд шугаман бүжиг, нийтийн бүжгийн тэмцээн, төсөвт байгууллагын албан хаагчдын дунд дартсын тэмцээнийг тус тус зохион байгуулж, нийт 20 гаруй мянган хүн оролцсон байна.



Өвөрхангай аймгийн Засаг даргын зүгээс тамирчдаа Олон улсын уралдаан, тэмцээнд оролцоход нь жилд 60-70 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг тогтмол олгож ирсэн. Цаашид ч төрөлх нутаг, улсынхаа нэрийг өндөр өргөсөн шилдэг тамирчдыг төрүүлэн алдаршуулахад хамтран ажиллах болно гэдгийг хэллээ.


Аймгийн хэмжээнд бөх, хүндийг өргөлт, шатар, даам, сагс, волейбол, хөлбөмбөг, таеквандо, авто спорт зэрэг спортын 20 гаруй төрлөөр холбоо, клубийг ажиллуулж байна. 







Холбоотой мэдээ