Элизабет Фокс: Монголчуудын гол хүнс болох махны нийлүүлэлт хэрэглээг өөрчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-22 14:50:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол малын махыг гадаадынхан судалж байна. Тодруулбал, Их Британийн Кэмбрижийн их сургуулийн судлаач, доктор Элизабет Фокс "Монголын махны тухай антропологийн судалгаа" сэдвээр Монголын Антропологийн холбооноос зохион байгуулж буй цуврал лекцийн хүрээнд МУИС-д илтгэл тавив. Энэ үеэр түүнээс судалгааных нь талаар зарим зүйлийг тодруулав.


-Монгол малын махыг гадаадынхан нэг талаасаа хор нөлөөгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж онцлон үздэг, ингэж хүлээн авдаг. Таны судалгааг үүнтэй холбон ойлгож болох уу?

-Антрополог судлаачийн хувьд арай өөр талаас буюу хүнтэй холбоотой, хэрэглээ талаас нь судалж байна. Энэ талаар лекцээ уншиж байгаа. Тодруулж хэлбэл, миний хувьд монгол малын махыг Монгол орны нутаг орны нөхцөл байдал, монгол хүний онцлог гэсэн гурван талыг барьж, хоорондын холбоог судалж байгаа. Энд онцолж хэлэхэд, өмнө нь монголчууд хөдөө, хот суурин ялгаагүй, малаа хотондоо шууд төхөөрөөд бэлдэж аваад хүнсэнд хэрэглэдэг байсан бол одоо ингэхээ больсон. Хот суурингийнхан ингэж бэлдэж авч чадахгүй болсон. Зөвхөн хамаатан саднаараа болон хүргэлтээр болон худалдааны зах, дэлгүүрээс ихэвчлэн авах болсон. Тээвэр, логистик хөгжиж байна. Мөн иргэд олноороо хот бараадах болсон. Үүнтэй холбоотойгоор монголчуудын хэрэглээ нийгмийн нөхцөл байдал, хөгжлөө дагаад өөрчлөгдөж байна. Энэ талыг судалж байна гэж ойлгож болно.


-Яг ямар өөрчлөлтүүд гарч байна вэ?

-Нэг талаар махны экспорт нэмэгдэж байна. Энэ нь эдийн засагтай холбоотой сайн талтай байж болох ч жирийн иргэд, амьжиргаа доор түвшний хүмүүс мах хэрэглэхэд үнэтэй тусаж байна. Энд хүртээмж, чанартай холбоотой асуудал тулгарч байна. Монгол малын мах монголчуудын үндсэн хүнс хоол гэдгээр авч үзэхэд махаа авч чадахгүйд хүрэх вий гэсэн магадлалтай. Энэ талаар судалж байна. Судалгаа дөнгөж эхэлж буй учир үүнээс илүүг хэлж чадахгүй нь. Энэ талаар МУИС-ийн оюутнуудад лекц уншиж тэдэнтэйгээ хамтран ажиллаж эхэлж байна.


-Монголчууд махаа улирлын байдлаар хэрэглэдэг. Нойтон, шинэ мах идэхийг хичээдэг байдал нь үнэ болон түгээлтэд нөлөөлж ирсэн. Энэ талаар та бүхэн судалж байна уу?

-Монголчууд шинэ мах идэх дуртай. Гэхдээ одоо хүртээмжтэй бус, зарим иргэд шинэ махаа авч чадахгүй, үнэтэй тусаж байна. Тиймээс хөлдүү болон нөөцийн мах хэрэглэж байна. Өөр боломж, сонголт алга. Тиймээс мах бэлтгэлд анхаарч, гадаадад гаргах мах шигээ дотоодын хэрэгцээний махаа төрөлжүүлж, чанаржуулах шаардлага нь хэрэглээ, зах зээлийн нөхцөл байдлаас үүдэн гарч ирж байна. Монголчуудын гол хүнс махны нийлүүлэлт тэдний хэрэглээг өөрчилж байна гэв.


Кембрижийн их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төвийн судлаачаар ажилладаг тэрбээр өмнө нь "Монгол бүсгүйчүүдийн хувцаслалт"-ын талаарх судалгааг 2012 онд ноолуурын үйлдвэрт ажилладаг эмэгтэйчүүдийн дунд хийж байжээ. Монгол эмэгтэйчүүд амжилттай, орлоготой яваа бүсгүйн дүрээр хувцаслах нь ирээдүйг өөртөө зөгнөн дуудаж байгаа хэлбэр юм гэдгийг тэрбээр онцолж байлаа. 

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ