Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт: Шианийн тунхаглалыг баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-05-19 14:34:54

БЭЭЖИН. /CCTV/. Казахстан, Киргиз, Хятад, Тажикистан, Туркменстан, Узбекистан улс Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтын Шианийн тунхаглалд гарын үсэг зурлаа. Энэ тухай БНХАУ-ын дарга Ши Жиньпин гарын үсэг зурах ёслолын дараа сэтгүүлчдэд мэдэгджээ. 


"Бид Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтын Шианийн тунхаглалд гарын үсэг зурж, уулзалтын үр дүнгийн жагсаалтыг баталсны сацуу Хятад, Төв Азийн харилцааны цаашдын хөгжлийн төлөвлөгөөг тодорхойллоо" гэж Ши Жиньпин мэдэгдсэн байна. 


БНХАУ болон Төв Азийн түншүүд бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын асуудлаар бие биенээ тууштай дэмжинэ гэж БНХАУ-ын дарга онцлон тэмдэглэв. Талууд мөн улс бүрийн үндэсний онцлогт нийцүүлэн сонгосон бие биеийнхээ хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, аливаа шалтгаанаар дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцнэ.


"Бид терроризм, салан тусгаарлах үзэл, экстремизм, мансууруулах бодисын хууль бус наймаа, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн бүх хэлбэртэй тууштай тэмцэх болно" гэж Ши Жиньпин хэлжээ.


Талууд НҮБ-ын Дүрмийн зорилт, зарчмуудыг дагаж мөрдөж, олон талт байдал, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын хууль тогтоомж, олон улсын харилцааны хэм хэмжээг тууштай баримталж, олон улсын шударга ёсыг хатуу сахин хамгаалахыг зорьж байна гэж Хятадын удирдагч тэмдэглэсэн байна.


Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт тавдугаар сарын 18-19-нд Хятадын баруун хойд нутгийн Шэньси мужийн засаг захиргааны төв Шиань хотноо болсон юм. Талуудын баталсан тунхаглалыг бүрэн эхээр нь хараахан нийтлээгүй байна. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд мөн Хятад-Төв Азийн хамтын ажиллагааны механизмын тухай хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зуржээ. 


Холбоотой мэдээ