Их Британи, Японы стратегийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-05-18 14:38:16

ЛОНДОН. /Gov.UK/. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Японы Засгийн газрын тэргүүн Кишида Фүмио нар хоёр орны стратегийн түншлэлийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурна. Энэ талаар Их Британийн засгийн газрын тэргүүний хэрэг эрхлэх газар лхагва гаргийн орой мэдээлжээ.


“Хирошимагийн хэлэлцээр” гэж нэрлэгдэх энэхүү баримт бичигт хоёр орны батлан хамгаалах салбар, худалдаа, шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар тусгасан байна. 


“Ерөнхий сайд К.Фүмио бид хоёр Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, хамтын үнэт зүйлсээ, түүний дотор чөлөөт, шударга худалдааг хамгаалахын ач холбогдлын талаар маш төстэй үзэл бодолтой байдаг. Хирошимагийн хэлэлцээр нь хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг тэлэх, хамтдаа эдийн засгаа өсгөх, дэлхийд тэргүүлэх шинжлэх ухаан, технологийн мэдлэгээ улам өргөжүүлэх боломжийг олгоно" гэж Р.Сунак мэдэгджээ.


Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд хамтарсан цэргийн сургуулилалтыг эрчимжүүлж, уг сургуулилалтад оролцох Их Британийн цэргийн албан хаагчдын тоог  хоёр дахин нэмэгдүүлэх аж. Удахгүй хийх Vigilant Isles 2023  хамтарсан сургуулилалтад Их Британийн 170 цэргийн албан хаагч оролцох юм.


Мөн хоёр орон кибер аюулаас хамгаалах чиглэлээр туршлага солилцох ажлыг эрчимжүүлнэ.


Уг хэлэлцээрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ногоон шийдлүүд болон хагас дамжуулагчийн шинэ технологийг  боловсруулах, үйлдвэрлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ. Р.Сунак Их Британиийн төслүүдэд хэрэгжих Японы бизнесийн томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг зарлах төлөвтэй байна.

Холбоотой мэдээ