БНАСАУ даяар үндэсний баярын арга хэмжээнүүд эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПХЕНЬЯН. /TASS/. БНАСАУ байгуулагдсаны 68 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд тус улсад эхэллээ. Энэ баярыг баасан гарагт тэмдэглэх боловч өнөөдрөөс эхлэн ажилчин албан хаагчид, цэрэг офицерүүд, сурагч оюутнууд Пхеньян хот дахь Ким Ир Сен, Ким Жөн Ир нарын хөшөөнд цэцэг өргөж байна.
Хотуудын гудамж талбайд БНАСАУ-ын төрийн далбаа, Солонгосын Хөдөлмөрийн намын алх хадуур бүхий улаан тугийг байрлуулжээ.
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны нэр дээр Сирийн Ерөнхийлөгч Башар Асад баярын цахилгаан утас илгээжээ. Баярын өмнөхөн чуче-гийн үзэл санааг судалдаг гадаад орнуудын нийгэмлэгүүдийн тэргүүн нар Пхеньянд хүрэлцэн ирээд байна. Эдгээр төлөөлөгчид “Империализмын эсрэг, энх тайван, аюулгүй байдлыг хангахын төлөөх тэмцлийн онол практикийн асуудлууд” сэдэвт бага хуралд оролцох юм.
Энэ өдрүүдэд Умард Солонгосын сонинуудад “солонгос маягийн социалист тогтолцооны давуу талууд” гэсэн сэдвээр олон тооны нийтлэлүүд хэвлэгджээ.
Баярын арга хэмжээнүүд БНАСАУ болон АНУ-ын хооронд харилцаа дахин хурцдаж буй үед болж байна. Лхагва гарагт БНАСАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдэл хийж “манай улс цөмийн зэвсгээр тэргүүлэх гүрнүүдийн тоонд багтах болсныг АНУ хүлээн зөвшөөрөх цаг нэгэнт болжээ. Иймээс тус улс БНАСАУ-ын эсрэг чиглэсэн дайсагнасан бодлогоо эргэн харах хэрэгтэй” гэжээ.
Х.Сарнай