Азийн тэргүүлэх хоёр гүрэн эв эеийг эрэлхийлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ШИНЭ ДЕЛИ. /Times Now/. Энэтхэг, Хятадын цэргийнхэн Ладакх муж дахь хоёр улсыг зааглах шугамын дагуух бүс нутгийн аюулгүй байдлыг хангах асуудлаар ээлжит хэлэлцээ хийлээ.
Энэхүү яриа хэлэлцээ нь Дели хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтын хүрээнд энэ долоо хоногт хийх Энэтхэг, Хятад улсын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтын оршил болжээ. Гурван жилийн өмнө Хималайн нуруунд шинэ дайны ирмэгт тулж байсан Энэтхэг, Хятад улсууд шинэ хурцадмал байдал үүсэх эрсдэлийг ийнхүү бууруулж байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш уулзаагүй Энэтхэг, Хятадын армийн корпусын командлагч нарын хэлэлцээ ням гарагт Ладакх муж дахь зааглах шугамын Хятадын тал дахь Чушул-Молдо хилийн шалган нэвтрүүлэх цэгт дахин эхэлжээ.
Энэтхэгийн талыг төлөөлж буй дэслэгч генерал Рашим Бали "стратегийн ач холбогдол бүхий Депсангийн тал дахь хурцадмал байдлыг намжаахыг шаардсан" гэж “Times Now” сонин мэдээлэв. Харин Энэтхэгийн телевизийн “NDTV” сувгийн мэдээлснээр, Ладакхын уулархаг бүс нутгийн Депсанг болон Демчок нутгуудад цэргийн хүчийг нэмэгдүүлж байгаа асуудалд гол анхаарлаа хандуулжээ.
"Талууд хил орчмын бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг сэргээхийн тулд зааглах шугамын дагуух тулгамдсан асуудлуудыг илэн далангүй, нухацтай хэлэлцсэн нь хоёр талын харилцаанд ахиц дэвшил гаргахад хувь нэмэр оруулна" гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яам корпусын командлагчдын хооронд хийсэн 18 дахь удаагийн хэлэлцээний үр дүнг дүгнэхдээ мэдээлжээ. Харин Хятадын Батлан хамгаалах яам “яриа хэлэлцээ илэн далангүй, найрсаг уур амьсгалд болж”, талууд "цэргийн болон дипломат шугамаар нягт холбоо тогтоох, яриа хэлэлцээ хийх, Хятад-Энэтхэгийн хилийн баруун хэсэгт холбогдох асуудлыг шийдвэрлэх ажлыг хурдасгах, түүнчлэн хилийн бүс дэх энх тайван, тогтвортой байдлыг үргэлжлүүлэн хамгаалах талаар санал нэгдсэн" гэж мэдэгдсэн байна.
Хоёр талын харилцаан дахь хурцадмал байдлыг намжаах талуудын эрмэлзлийг харуулж буй Энэтхэг, Хятадын энэхүү нааштай байдал нь Ладакхт болсон мөргөлдөөний гурван жилийн ойн өмнөхөн тохиолдож байна. Уг мөргөлдөөний улмаас Азийн хоёр том гүрэн томоохон дайны ирмэгт тулаад байсан юм.
Тухайн үед Энэтхэгийн эрх баригчид Ладакхт болсон хилийн зөрчлийг статус-квог өөрчлөх гэсэн, мөн Галван мөрний хөндийн стратегийн чухал ач холбогдолтой нутаг дэвсгэрт Бээжингийн эрхийг баталгаажуулах гэсэн урьдаас төлөвлөсөн акц гэж мэдэгдсэн. Үүний дараа Энэтхэгт олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал өрнөж, жагсагчид Хятадын далбаа, тус улсын дарга Ши Жиньпиний хөргийг шатааж байв.
Хоёр орны харилцаа хурцадмал хэвээр байгаагийн хамгийн сүүлийн баталгаа нь хоёр долоо хоногийн өмнө Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Амит Шах Хятадтай хил залгаа Аруначал-Прадеш мужид айлчилж, мужийн иргэдийг дэмжих хөтөлбөрийг эхлүүлсэн дуулиан байв. Айлчлалынхаа үеэр Энэтхэгийн сайд Бээжинтэй газар нутгийн маргаантай байгаа Кибиту тосгонд зочилсон юм. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ уг айлчлалыг эрс буруушааж эсэргүүцлээ илэрхийлж байв.
Дөрөвдүгээр сарын 27-28-нд болох ШХАБ-ын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтын хүрээнд энэ долоо хоногт хийхээр төлөвлөж буй Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх, БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Шанфу нарын уулзалтыг Дели, Бээжингийн харилцааг хэвийн болгох бас нэгэн боломж болно гэж Энэтхэгийн тал үзэж байна. Энэтхэгийн эх сурвалжийн мэдээлснээр, хоёр сайдын тусдаа хийх уулзалтаар хэлэлцэх нэг сэдэв нь Ладакх дахь хурцадмал байдлыг намжаах арга хэмжээ байх аж.