Э.Сондор: Ажлын гараагаа үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эхлүүлэх болсондоо баяртай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас зохион байгуулсан “МОНЦАМЭ Англи хэлний олимпиад”-д Э.Сондор тэргүүн байрт шалгарч, “Монгол Мессенжер” сонины сурвалжлагч, орчуулагчаар ажиллах эрх авлаа.
Удаах байрт
шалгарсан оролцогч Х.Ивээл болон Ховд аймгаас хүрэлцэн ирсэн Ховд их сургуулийн
төгсөх ангийн оюутан Б.Түмэнбаяр, Ш.Биржан нарыг “Монгол Мессенжер” сонины идэвхтэн
бичигч болж, хамтран ажиллахыг урьсан юм.
МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос шагналыг гардуулах үеэрээ, “Та нарын илтгэлээс ирээдүй гэрэлтэй харагдаж байна” хэмээн тэмдэглээд, амжилт хүсэн “Англиар гоё орчуулга хийе гэвэл эхлээд эх хэлээ таньж мэдэрч, үгсийн сангаа баяжуулан, монголоороо яруу сэтгэх хэрэгтэй. Монгол хэлэнд дурлахгүйгээр англи хэлний өнгийг гаргах боломжгүй. Эрлийз сэтгэлгээгээр ярьж, бичдэг бол таны сурсан англи хэл үнэ цэнгүй юм. Иймд эртний уран зохиол, яруу найраг, ардын аман зохиол, мөн орчин цагийн орчуулгын онолыг үндэслэгч их эрдэмтэн Б.Ринчен, Ардын уран зохиолч, орчуулагч Ц.Дамдинсүрэнгийн зохиол бүтээлээс авахуулаад бүх утга зохиолыг уншаарай. Монголоор яруу бичээд эхэлбэл, англиар яаж илэрхийлэхээ боддог болно” гэв.
Монгол Улсын гадаад сурталчилгааг хөгжүүлэх, залуусын англи хэл сурах сонирхлыг дэмжих, МОНЦАМЭ агентлагийн боловсон хүчнийг өргөтгөх зорилготойгоор их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутан, магистрантуудын дунд зарласан уралдааны эхний шатанд ирүүлсэн эсээ бичлэгүүдээс “Монгол Улсыг гадаадад сурталчлах арга хэлбэрүүд”, “Ногоон Монгол: Асуудал ба шийдлүүд”, “21-р зууны Монгол Улсын өрсөлдөх чадвар буюу бид хаана явна вэ?” эсээг шалгаруулан, хоёрдугаар шатанд “Улс орны хөгжил цэцэглэлтэд залуусын оруулах хувь нэмэр” сэдвээр оролцогчдын илтгэлийг сонсов.
Уралдааныг Хүндэт дипломатч, орчуулагч Р.Баасан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Энхцэцэг, МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос, Орлогч дарга бөгөөд Ерөнхий редактор С.Насанжаргал, Гадаад мэдээний албаны дарга Л.Батбаяр нар шүүж, шилдгүүдийг шалгарууллаа.
Илтгэл тавихдаа сэдвээ хэрхэн хөндөж
илэрхийлсэн болон ойрын зорилгынх нь талаар зарим оролцогчоос сэтгэгдлийг нь сонссон юм.
Тэргүүн байрт шалгарсан Э.Сондор: Залууст боломж олгож англи хэлний олимпиад зарласан МОНЦАМЭ агентлаг болон англи хэлний эсээ, илтгэх уралдааныг шүүн тунгаасан шүүгчдэдээ талархал илэрхийлье. Зөвхөн телевизээр харж байсан Э.Содонтогос дарга, ахмад дипломатч Р.Баасан, Элчин сайд О.Энхцэцэг гээд эрхэм хүмүүсээр мэдлэгээ шүүлгэн, ажлын гараагаа нэр хүндтэй, үндэсний мэдээллийн агентлагаас эхлүүлэх болсондоо баяртай байна. Илтгэлээ Монголын ирээдүйн хөгжилд залуус хэрхэн нөлөөлөхийг хүн, байгалийн холбоогоор дамжуулан модтой зүйрлэж тавьсан. Залуус улс орноо хөгжүүлье гэвэл дор бүрнээ эерэг хандлага, дадал, ёс суртахуунтай, зөв сэтгэж боддог байх ёстой. Энэ бүхнээс хөгжил дэвшил, цахим технологи, бизнесийн хөгжил эхлэх тухай хөндөж ярьсан. Эх хэл болон англи хэлний мэдлэгээ сайжруулж, өдөр тутмын хэрэглээний болон толь бичгийн үгнээс хальж, илүү ихийг сурахыг хүсэж байна.
Х.Ивээл: Миний хувьд, монгол хэл бол хоёр дахь хэл ч гэлээ би Монголоо гэсэн
сэтгэл зүрхтэй, түүгээрээ омогшдог. Эх
хэлний мэдлэг дутаад байгаа мэдрэмж
төрөх хэцүү санагддаг. Өнөөдөр Монголынхоо тухай англиар ярих боломж олдсонд
маш их баярлаж, өгсөн сэдвийн хүрээнд судалгаанд үндэслэн, чадлаараа
дэлгэрэнгүй ярихыг хичээлээ. Би англиар зохиол бичих мөрөөдөлтэй.
Б.Түмэнбаяр: Ховд
аймагт энэ жил зургаахан хүүхэд багш мэргэжлээр төгсөнө. Багшийн тоог нэмэх гэж
ЭЕШ-ын босго оноог багасгаснаар
боловсролын чанарыг улам сулруулж
байгаад эмзэглэсэн. Монголын ирээдүй
болсон сурагчдад чадварлаг багш хэрэгтэй гэсэн өнцгөөс илтгэлээ тавьсан. Сайн
багш хүүхэд багачуудыг ирээдүйд хөтөлнө. Би багш мэргэжлээрээ төгсөөд,
2-3 жил ажилласны дараа байгаль, хүрээлэн буй орчны чиглэлээр магистрт сурах зорилготой.
Ш.Биржан: Илтгэлдээ залуус улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахдаа улс төрийн оролцоо сул байгаа тухай хөндсөн. Сургуулийнхаа хүрээнд багахан судалгаа хийснээ үр дүнгээс нь танилцуулсан. Би яруу найрагт дуртай, Р.Чойномын шүлэг зохиолыг шимтэн уншдаг. Яруу найргийн тансаг сайхныг залууст мэдүүлж таниулахыг хүсэж мөрөөддөг.