ДУНДГОВЬ: “Эрчүүдээ хайрлая” уриан дор 353 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-31 12:20:10
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 16-31-ний өдрүүдэд “Эрчүүдээ хайрлая” уриан дор эрэгтэйчүүдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулж, 353 хүнийг хамруулжээ.

Тус аймгийн нийт хүн ам (47199)-ын 50,2 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Насны байдлаар нь авч үзвэл тэдний 31 хувийг 14 хүртэлх, 607 хувийг 15-59, 8,3 хувийг 60-аас дээш настай байгаа ба эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 8 орчим насаар бага байдаг гэсэн судалгаа буй.

2022 оны жилийн эцсийн байдлаар амбулаторийн үзлэгт 159840 иргэн хамрагдсанаас 35,3 хувь нь эрэгтэй, 64,7 хувь нь эмэгтэй байна. Өөрөөр хэлбэл урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаа иргэдийн тоо эмэгтэйчүүдийнхээс бага байна.

Тиймээс дээрх үйл ажиллагааг зохион байгуулж, эрэгтэйчүүдийг нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, онишилгоонд хамруулсан юм.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гарган хэрэгжүүлж байгаа.

Тус үйл ажиллагааны хүрээнд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1,5 тэрбум төгрөгийн  санхүүжилтээр  “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулж, тоног төхөөрөмж, орчин үеийн эмнэлгийн стандартад нийцсэн засвар тохижилт хийн иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж, өнөөдрийн байдлаар нийт иргэдийн 27,4 хувийг хамруулаад байгааг аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ