Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-03-27 11:46:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

2023 оны 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 30-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -16-21 градус, өдөртөө 0-5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -9-14 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө  +10+15 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4-1 градус хүйтэн, өдөртөө +15+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4-9 градус хүйтэн, өдөртөө +7+12 градус дулаан байна. 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн баруун хагаст хүйтний эрч эрс чангарна.

Холбоотой мэдээ