Дэлхий дээр соронзон шуурга гурав дахь өдрөө үргэлжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-03-16 14:45:19

МОСКВА. /ТАSS/. Наран дээр болсон цуврал дэлбэрэлтийн дараах соронзон шуурга дэлхий дээр гуравдугаар сарын 13-наас эхэлж гурав дахь өдрөө үргэлжилж байна гэж Геофизикийн асуудлуудыг судлах хүрээлэн лхагва гарагт мэдээлжээ.


“Дэлхий орчмын сансрын орон зайд нэвтэрсэн бага хүчтэй протоны урсгал үргэлжилсээр байна” гэж тус хүрээлэн мэдээлэв.


Сансрын цаг агаарын мониторингийн мэдээллээр нарны дэлбэрэлтээс үүссэн хүчтэй протоны урсгалын нөлөөллийн аюулын түвшин нь “S1” үзүүлэлтээс хараахан хэтрээгүй байна. Уг аюулын түвшнийг таван шатлалаар хэмждэг бөгөөд “S5”-ыг хамгийн өндөр буюу аюултай түвшин гэж үздэг бол “S1 нь биологийн хувьд аюулгүй түвшин юм байна.


Мөн соронзон шуурганы далайцын түвшин “G1” үзүүлэлтээс хэтрээгүй байгаа аж. Соронзон шуурганы далайцын түвшнийг таван шатлалаар хэмждэг бөгөөд “G5”-ыг хамгийн өндөр түвшин гэж үздэг. Соронзон шуурга “G1” далайцтай байх үед цахилгаан сүлжээ болон сансрын төхөөрөмжид бага зэрэг хэлбэлзэл үүсэх магадлалтай, түүнээс гадна туйлын туяа ажиглагдана.


Гуравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Наран дээр янз бүрийн зэрэглэлийн хүчтэй, өөр өөр үргэлжлэх хугацаатай дэлбэрэлтүүд болсныг эрдэмтэд бүртгэсэн бөгөөд зарим дэлбэрэлтийнх нь цацраг манай гараг руу шидэгдсэн аж.


Нар бол буцалж буй плазмын бөмбөрцөг бөгөөд гадаргуу нь маш хүчтэй цахилгаан соронзон оронтой. Энэхүү цахилгаан соронзон орны хүрээ хязгаар нь Нарны илүү нягт давхаргаас байнга дээш хальж, тэсрэх, задрах “хөдөлгөөнд” оршдог тул Нарны толбо, дэлбэрэлт, титмийн хүчтэй шидэлт зэрэг үзэгдлийг үүсгэдэг.

Холбоотой мэдээ