“Агаар нэг” хакатоноор гэр, амины орон сууцны цахилгаан болон чулуун халаалтын шийдлийг танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-02-14 12:25:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран энэ оны 3 дугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотноо “Цэвэр агаар” дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулна.


Чуулга уулзалтыг угтан “Агаар нэг” хакатон уулзалтыг Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сан, МУИС, олон улсын “Пипл ин Нийд ТББ, Японы ЖАЙКА байгуулллага хамтран өнөөдөр МУИС-ийн төв номын санд зохион байгууллаа.


Хакатоноор манай улсад нэн тэргүүнд тулгамдаад буй агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт арга, технологийн шийдэл, бүтээгдэхүүний загварыг шалгаруулж буйг “Пипл ин Нийд ТББ-ын суурин төлөөлөгч Б.Мөнгөнхишиг онцоллоо.


Тэрбээр, агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн шийдлүүдийн талаар хэлэлцэж 20-иод бүтээгдэхүүний санааг хүлээн авч одоогийн байдлаар 7-г шалгаруулаад байна. Шалгарсан технологийн шийдэл, бүтээгдэхүүний загварыг жижиг хэмжээний туршилтын төсөл болгон хэрэгжүүлэх боломжийг “Агаар Нэг” хакатон олгож байна. Шалгарсан бүтээлүүдийг судалж, цааш нь БОАЖЯ-ны болон ТоС-ын ногоон зээл, бусад тогтвортой, ногоон санхүүжилтийн механизмтай холбон агаарын бохирдлын эсрэг төр-хувийн хэвшил, ТББ-уудын хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах юм гэв.


Чуулга уулзалтыг угтан хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь хувийн хэвшлийнхэн, судлаач нарт зориулсан өнөөдрийн хакатон уулзалт болж байна. Шинжлэх ухааны, технологийн зөвлөгөөнийг өнгөрсөн 7 хоногт хийжээ. “Цэвэр агаар: Дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг угтсан “Агаар нэг хакатон-2023”-ны шалгаруулалтыг мөн олон улсын “Breathe Mongolia-Clean Air Coalition” болон ЖэрэсТББ, Тогтвортой Санхүүжилтийн холбоо зохион байгуулж, шүүгчдээр НҮБ-ын Хүүхдийн сан, ЭХЯ, ХААН банк, Монголын Барилгын Үндэсний ассоциацийн төлөөлөл ажиллалаа.


Агаарын бохирдлыг бууруулах шийдлүүдийг хөгжүүлэх зорилготой өнөөдрийн “Агаар нэг-2023” хакатонд оролцогчид гэрийн цахилгаан болон амины орон сууцны чулуун халаалтыг танилцуулсан юм. Тухайлбал, техник, хангамжийн инженер Б.Дагвасүрэн монгол гэрийн халаалтын шийдлийг танилцуулахдаа, эхлээд дулаанаа хэмждэг тест бүхий чийптэй болгож, гэрийн агаар сэлгэлт, дулаан хадгалалтын багц технологийг нэвтрүүлж байна гэв.


Ирэх сард Улаанбаатар хотноо болох дээд хэмжээний уулзалтаар НҮБ-ын Ази, Номхон далайн байгаль орчин, агаарын нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бүс нутгийн үйл ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын хүрээнд хэлэлцэх юм. 


Холбоотой мэдээ