Дэлхий дахинд 2023 онд нээгдэх 10 музей

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-02-10 14:52:11

БЕРЛИН. /DW/. Египетийн их музейгээс эхлээд Африк-Америкийн олон улсын музей зэрэг 2023 онд үүд хаалгаа нээх 10 музейг уншигчдадаа танилцуулж байна.


Египетийн их музей - Каир, Египет

Египетийн Гизагийн агуу пирамидын ойролцоо Египетийн их музейг бүтээн байгуулах ажил 20 жил үргэлжилсний эцэст энэ онд нээгдэх гэж байна. Музейг 2020 онд хэсэгчлэн нээх хуваарьтай байсан ч 2023 он хүртэл хойшлуулжээ. Энэхүү музей нь Тутанхамоны булшнаас олдсон олдворуудыг багтаасан 100 мянга гаруй үзмэрээс бүрдэх бөгөөд үүд хаалгаа нээснээр дэлхийн хамгийн том археологийн музей болох юм.


Африк-Америкийн олон улсын музей - Чарльстон, АНУ   

Африкийн олон сая иргэн олзлогдон Атлантын далай гаталж, АНУ-ын Өмнөд Каролина муж улсын Чарльстон хотын Гадсден боомтод хөл тавьж боолын хөдөлмөр эрхэлж байсан түүхтэй. Энэ түүхийн талаар өгүүлэх музей 2023 оны зун нээгдэнэ. Энэхүү музейн “Гэр бүлийн түүхийн төв” нь мөн Африк гаралтай америк иргэдийн уг гарлын талаар судалгаа явуулахад зориулагджээ.


Ричард Гильдерийн нэрэмжит шинжлэх ухаан, боловсрол, инновацийн төв - Нью-Йорк, АНУ 

Нью-Йорк хотноо байрлах Америкийн байгалийн түүхийн музей 22 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий өргөтгөл хийж байна. Энд байгальд яваа мэт мэдрэмж төрүүлэхүйц ногоон байгууламжтай бөгөөд амьд хорхой, шавж, эрвээхийг үзэх боломжтой аж. Дугуй, агуйтай төстэй өргөтгөлийн загварыг “Studio Gang” архитектурын компани гаргасан бөгөөд 2023 оны сүүлчээр нээхээр төлөвлөж байна.


Роботын шинжлэх ухааны музей - Сөүл, БНСУ

БНСУ-ын Сөүл хотноо сүндэрлэх энэхүү музей нь техник, технологийн хөгжил дэвшлийг олон нийтэд түгээн таниулах зорилготой бөгөөд виртуал бодит байдал, хиймэл оюун ухаан, робот техник зэргээс бүрдсэн баялаг сантай байх ажээ. Музей 2023 оны сүүлчээр нээгдэх урьдчилсан тов гарчээ.


Дүрслэх урлаг, гэрэл зургийн музей - Бангалор, Энэтхэг

Энэтхэгийн Дели болон Мумбай хотын дараа орох гурав дахь том хот Бангалорт байгуулагдаж буй “Дүрслэх урлаг, гэрэл зургийн музей” нь орчин үеийн шинэлэг загвар шийдэлтэйгээрээ онцлогтой. Музейд 12 дугаар зуунаас өнөөг хүртэлх Энэтхэгийн дүрслэх урлаг, гэрэл зургийн 60 мянга гаруй бүтээлүүдийг дэлгэхээр төлөвлөж байна.


Манчестерийн музей - Манчестер, Англи

1867 онд байгуулагдсан Манчестерийн музейг өргөтгөж байгаа бөгөөд дээд давхрыг сэргээн тохижуулснаар олон үйлчлүүлэгч хүлээн авах боломжтой болно.  Музей хоёрдугаар сарын 18-нд үүдээ нээх бөгөөд байгалийн шинжлэх ухаан, антропологи, археологийн 4.5 сая орчим олдвор, дурсгалуудыг дэлгэх ажээ.  


Үндэсний хөрөг зургийн шинэ галерей - Лондон, Англи

Лондон хотын “Үндэсний хөрөг зургийн шинэ галерей”-г сэргээн засварлаж байгаа бөгөөд энэ оны зургаадугаар сарын 22-нд дахин үүдээ нээнэ. Энд Тюдорын үеэс өнөөг хүртэлх уран бүтээлүүдийг дэлгэх юм. Үзэсгэлэнгийн нээлт Английн гэрэл зурагчин Йвонде Миддлтоны бүтээлүүдээр эхлэх бөгөөд зургаадугаар сарын 28-нд Пол Маккартнигийн хальснаа буулгасан алдарт Битлз хамтлагийн гэрэл зургуудаар үргэлжлэх юм.


Шотландын үндэсний галерей - Эдинбург, Шотланд

1859 онд анх нээгдэж байсан Шотландын үндэсний нео-классик галерейн үзэсгэлэнгийн талбайг өргөжүүлэх ажил 2019 онд эхэлжээ. Галерейн шинэ жигүүр Шотландын зураач Уильям МакТаггарт, Энн Редпат болон бусад зураачдын уран бүтээлээр сангаа баяжуулж энэ зун үүд хаалгаа нээнэ.


Истанбулын орчин цагийн урлагийн музей - Истанбул, Турк

Истанбулын орчин цагийн урлагийн музей нь Каракой дүүргийн орчин үеийн хороолол дахь шинэхэн байршил руугаа нүүж байна. Энэхүү барилга нь Италийн алдарт уран барилгач Ренцо Пианогийн бүтээл ажээ. Музейд голчлон дотоодын уран бүтээлчдийн бүтээлүүдийг дэлгэхийг зорьж байгаа бөгөөд үзэсгэлэнгээс гадна кинотеатр, номын сан, арга хэмжээ зохион байгуулах талбайтайгаар зохион бүтээгджээ.


Мэйсон Генсбур - Парис, Франц

Францын хөгжимчин, зохиолч Серж Генсбурийн амьдарч байсан Парис дахь байшин болон түүний ойролцоох барилгыг хамруулан хөгжимчний амьдрал, уран бүтээлийг дэлгэн харуулсан музей болж 2023 онд нээгдэнэ. Мөн номын дэлгүүр болон амьд хөгжмийн тоглолт зохион байгуулах хэсэгтэй байхаар төлөвлөж байгаа аж.


Д. Амартуяа

Холбоотой мэдээ