ӨМНӨГОВЬ: "Түмэн тэмээний баяр"-ыг ирэх сард Даланзадгад хотод зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-02-07 13:37:28

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Түмэн тэмээний баяр-2023" өвлийн наадмыг гуравдугаар сарын 5-7-ны өдөр Даланзадгад хотод зохион байгуулна.


Энэхүү баярыг анх Сэврэй суманд 1999 онд зохион байгуулж байсан түүхтэй. 

Тус үйл ажиллагаанд аймгийн 15 сумын болон хил залгаа аймаг, сумын тэмээчид өргөнөөр хүрэлцэн ирж оролцдог томоохон баяр юм. Өнгөрсөн 2022 оны хувьд цар тахлын улмаас аялал жуулчлалын үйл ажиллагаа зогсонги байсан ч тэмээний баярт гадаадын 51 аялагч ирж үзэж байжээ. Нийт гадаад, дотоодын 3500 гаруй хүн тэмээний баярыг үзэж сонирхсон тухай тоон судалгааг гаргажээ. Мөн баярын нээлтийн үеэр тэмээний баярт оролцож буй тэмээчдээс 120 гаруй хүн тэмээн парадад цуваа үүсгэн жагссан нь сүрлэг харагдаж гадны зочдыг баясгасан байна.


Харин энэ жилийн тооцооллоор гадна дотны жуулчид, үзэгчид харьцангуй нэмэгдэх төлөвтэй байгааг зохион байгуулагчид хэлж байна.  


Монгол орон тэр дундаа говь нутаг хоёр бөхт тэмээ, тэмээний соёлоороо гадаад, дотоодын аялагч, жуулчдын сонирхлыг ихээр татдаг.


Тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, хамгаалах, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэ менежмент санаачилгыг бий болгон олон нийтийн анхаарлыг түүнд хандуулах, өвлийн аяллыг хөгжүүлж орон нутгийн малчид, иргэдийн аялал жуулчлалаас олох орлого ашгийг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ухамсар, оролцоог дээшлүүлэх зорилготой энэхүү эвент үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ. 


Захгүй говийн Заан тэмээ хэмээх сүр бараатай сүрлэг амьтны өлгий нутаг нь яах аргагүй Өмнөговь аймаг юм. Энэ нутагт Галбын улаан, Ханын хэцийн хүрэн  гэсэн хоёр том үүлдрийн тэмээн сүргийг өсөн үржүүлж байна. 


Хүйтний эрч чангарах тусам сүр жавхлан нь улам нэмэгдэж, эргэх 4 цагийн хатууг үл тоодог эгэлгүй энэ эрдэнэт сүргийг адгуулан маллаж, ачлага уналгад дасган, ашиг шимийг хүртэж ирсэн их говийн тэмээчдийн хүч хөдөлмөрийг үнэлээд барамгүй. 

Тиймээс ч жил бүр тэмээ, тэмээчдийн ашиг шим, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн олон нийтэд сурталчлан таниулах "Түмэн тэмээний баяр", "Ингэний айргийн баяр" зэрэг томоохон эвент үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлал тогтжээ. 


Энэ жилийн "Ингэний айргийн баяр"-ыг 2023 оны 2-р сарын 10, 11-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


Ийнхүү говийн брэнд болсон тэмээн сүргийн ашиг шим, үр өгөөжийг нэмэгдүүлэх, соёл уламжлалыг дэлгэрүүлэх, тоо толгойг нь өсгөх  чиглэлээр Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ, Тэмээн соёл уралдааны холбоо хамтран бодлогоор олон талт ажлуудыг санаачлан хийсээр байна.

Холбоотой мэдээ