Уран бүтээлч Ж.Мөнхцэцэг Венецийн 59 дүгээр биеннальд оролцсон “Гүнээс гүнд” үзэсгэлэнгээ толилуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-01-13 10:29:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уран бүтээлч Ж.Мөнхцэцэг “Гүнээс гүнд” бие даасан үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр дэлгэлээ.


Тэрбээр энэхүү үзэсгэлэнгээрээ 2022 оны 59 дэх удаагийн Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд Монгол Улсаа төлөөлөн оролцсон юм. Тус үзэсгэлэнг 70 мянга орчим хүн үзэж, олон улсын 40 гаруй хэвлэлд мэдээ, нийтлэл гарч “онцгой”, “сүнслэг” хэмээн онцолжээ.


Энэ удаа зохион байгуулагчид бараг бүхий л үзэсгэлэнд мөрдлөг болон хэрэгждэг зарим зүйлсийг өөрчлөхөөр шийджээ. Тухайлбал, албан ёсны нээлт, хаалтыг зохион байгуулахгүй, мөн үзэсгэлэнгийн үзвэрийг олон нийтэд үнэ төлбөртэй үзүүлж байна. Ингэснээрээ уулзалт, үдэшлэгийн хэлбэрээс татгалзан зардлыг хэмнэж зөвхөн үзэсгэлэнг шимтэн үзэх боломжийг нь олгох, мөн урлагийн бүтээл, үзэсгэлэнгийн үнэ цэнийг өсгөн төлбөртэй үзэж заншуулах алхмыг хийж байгаа аж.


Үзээсгэлэнгийн гурван танхимд таран байршуулсан зөөлөн баримлууд, зүймэл ажлууд, видео нь эмэгтэй хүн болон амьтдын өөр өөр түүхийг хүүрнэж, уран бүтээлчийн эмзэг нандин хэр нь хүчирхэг ертөнцийн гүнд аялах боломжийг олгох юм.


Үзэсгэлэнгийн эхний танхим “Зээрийн зүүд” нэртэй орон зайнд мультмедиа өрөг ажлыг байршуулжээ. Төмөр орон дээр хэвтэж буй тал биетэй зээрийн баримал, төөрсөн зээрийн янзаганы дүрс бичлэгтэй сүлэлдэн нэгэн цогц бие болон хувирахыг харуулна.


Дунд танхимд “Дутуу төрөлт” хэмээх өрөөнд үр зулбахаас хамгаалан тэтгэх дом, зан үйлийг бэлгэдсэн “Умайг хамгаалагч шувуу” нэртэй бүтээлийг байршуулжээ. 


Хорвоогийн бүхий л эд эс, амьд бүхэн нийлээд нэг сансар буюу бүхэл ертөнцийг бүтээсэн гэх утга бүхий “самсара”-аас улбаатай санаагаа “Сансрын бие” хэмээн нэрлэсэн нь “Судасны чимээ” нэртэй удаах гол танхимд тусгалаа олжээ.


Иймээс нэгэн цул гэдгийг илэрхийлэхийн тулд амьтны биеийг хүний биетэй зарим амьтныг хүн шиг гар хөлтэй, заримыг нь эрхтэн дутуу дүрсэлсэн байна. 


Үзэсгэлэнгийн куратор Б.Гантуяа, “Уран бүтээлч Ж.Мөнхцэцэг баримал, зураг, өрөг, видео, үйлдлийн урлагаар дамжуулан шаналал, зовуурь, айдас, түгшүүр, илаарьшахуй, дахин төрөхүйн талаарх бодол төсөөллөө ихэвчлэн хуваалцдаг. Өөрийн амьдрал болоод үзэж харж, мэдэрсэн бүхнээс, эмэгтэй хүний бие махбод, оюун бодол, сүнслэг оршихуйн нарийн нандин, хүн хийгээд сав шим ертөнцийн холбоог ажин судлах бөгөөд тэр олон өнгийн огтлолцол эсрэгцлийг торгон мэдрэмжээр илэрхийлдэг лус савдаг, домгийн ертөнцийн далдын хүчийг шингээсэн, бүсгүй хүн, хүн болох хувьгүй хүүхдүүд, амьтдын гунигт хувь төөргийн тухай өгүүлдэг. Түүний үзэсгэлэн бүхэлдээ хорвоо ертөнцийн жам ёс, нигүүлсэн сэтгэл, илааршлын тухай өгүүлнэ” хэмээв.


Тус үзэсгэлэн 2023 оны 1 дүгээр сарын 12-28-ныг дуустал олон нийтийн хүртээл болно.


Энэ үеэр уран бүтээлч Ж.Мөнхцэцэгтэй товч ярилцлаа.


-Үзэсгэлэнгээ яагаад “Гүнээс гүнд” хэмээн нэрийдэв. Юуг илэрхийлэхийг зорив?

-“Гүнээс гүнд” нэртэй үзэсгэлэнгээ өмнө нь 976 галерейд гаргаж байсан. Нэг зөөлөн баримал маань явж буй хоёр хөл зүрхтэй холбогдсон “Эмзэг аялал” нэртэй байсан. Гүнээс гүнд гэдэг нь хүн өөрөө өөрийнхөө гүн рүү орох утгатай. Аливаа уран бүтээлчийн үзэсгэлэнг үзнэ гэдэг үзэгчдэд өөр рүүгээ орох үүд хаалгаа нээж байна гэсэн үг. Бүтээлүүд тийшээ орох сэдэл нь болж өгдөг зарчимтай байдаг. Миний ерөнхий санаа гэвэл хүний бие махбод оюун санаатайгаа нэгдэж байж бий болдог. Сэтгэл санааны айдас, зовлонг сэдэл болгож бүтээлээ хийдэг. Мөн илааршил гэсэн санааг илэрхийлэхийг зорьдог.


-Энэ удаагийн  үзэсгэлэн өмнөх үзэсгэлэнгүүдээс юугаараа онцлогтой вэ. Хэчнээн бүтээл дэлгэв?

-Венецийн 59 дахь биеннальд энэхүү үэсгэлэнгээрээ Монгол Улсаа төлөөлж монголын павильон болж оролцсон үзэсгэлэнгээ энэ удаа монголын үзэгчдэдээ зориулан дэлгэж байна. Зөөөлөн баримал, зүймэл ажлууд, видео гээд нийт 30-аад бүтээл дэлгэсэн.


-Энэхүү үзэсгэлэнгээрээ Венецийн дүрслэх урлагийн 59 дэх удаагийн биеннальд эх орноо төлөөлөн оролцоход Монгол зураач нарыг дэлхийд хэрхэн үнэлж байв. Ер нь дэлхийн зах зээлд гарах боломж хэр байна гэж үзэж байна?

-Монгол төдийгүй бүх л уран бүтээлч юу бодож санаж байгаагаа бүтээлээрээ дамжуулан  дэлхий даяар толилуулах хүсэлтэй байдаг. Тэр нь хувь хүн болон их олон зүйлээс шалтгаална. Миний хувьд тухайн үед үзэсгэлэнг маань сэтгэлдэээ гүнээр хүлэээн авсан гэж үзэж байна. Нэг юманд тулж ирээд гацаад зогссон юм шиг тийм төөсөөлөл авч байсан. Урлагийн арт менежмент гэээд цогц асуудал явагдана. Уран бүтээлчид чадлынхаа хэрээр л хийж байна.


-Бүтээлийн санаагаа хэрхэн олдог вэ. Хамгийн их авьяас, хүч хөдөлмөр шаардсан бүтээл гэвэл?

-Бүгд л нэгдмэл нэг бүтээл болж байгаа учраас яг тэр бүтээл гэж хэлэх аргагүй. Түүнийг гаргахын тулд маш олон жилийн хөдөлмөр, цаг хугацаа зарцуулж байгаа. 


-Та гадаадын ямар ямар улсад үзэсгэлэнгээ гаргаж байв. Гадаадын урлаг судлаачид, жирийн сонирхогчид Монголын урлаг гэдгийг чухам ямар талаас нь, ямар өнцгөөс, хэр хүлээн авч байна вэ?

-Монголын хувьд шинэлэг байх талтай. Яагаад гэвэл гадны ураг судлаачдын хүрээнд мэр сэр сонирхож эхэлж байгаа.


-Хамгийн том урам зориг өгч байсан үзэгчийн сэтгэгдэл гэвэл?

-Швейцарт үзэсгэлэнгээ гаргаж байхад өөр өөр хотуудаас үзэгчид зорьж ирж байсан. Уран бүтээлчтэй нь ярьж, үзэсгэлэнтэй сэтгэл зүрхээрээ нэгдэхийг хүсдэг нь мэдрэгдэж байсан. Ярьж ярьж сайхан болоод гарч байгаа мэт, яагаад ийм байгаа тухай эсвэл түүнтэй холбогдсон дурсамжаа швейцар хүмүүс ярьж байсан нь санагдаж байна.


Холбоотой мэдээ