ӨВӨРХАНГАЙ: Өндөр Гэгээний өв уламжлалын тухай илтгэлүүдээр сэтгүүл гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-01-06 13:32:38

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн түүхт 90 жилийн ойд зориулж, Засаг даргын ивээл дор зохион байгуулсан “Өндөр Гэгээн ба Өв уламжлал” Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр тавигдсан шилдэг илтгэлүүдээр “Nomadic Studies” сэтгүүлийг хэвлэн гаргажээ.

 

Тус хуралд БНХАУ, Япон, ОХУ, АНУ, Монгол зэрэг таван улсаас оролцсон эрдэмтэн судлаачид, орон нутгийн соёл боловсролын ажилтнуудын 47 илтгэлийг хэлэлцсэн юм.


Үүнээс Өндөр гэгээн Занабазарын уламжлуулсан ёс заншил, зан үйл, түүний зарим уран бүтээл дэх гоо зүйн илэрхийлэл, уран сайхны хэв маягийн судалгаа болон “Нандин дара эхийн тухай”, “Занабазарын ууц таллаж буй хөргийн тухай” зэрэг 10 бүтээлийг онцлон нийтэлсэн байна.


Өндөр гэгээн Занабазарыг таалал төгсөхийн өмнөхөн шавь нар нь “Таны хөргийг бид хэрхэн бүтээвэл зохих вэ?” гэж асуухад "Намайг өмнөө монгол хонины ууц тавиад, таллаж байгаагаар зурж дүрслээрэй. Монголын заяа их амны хишигтэй байх ёстой. Монгол хүн өлсөх ёсгүй. Үүнийг бэлгэдэж би энэ хөргийг зуруулж байгаа юм аа” гэж хариулсан гэдэг.


Энэ талаар судлаач, докторант Ц.Гүнчин-Иш тусгайлан судалж, монголчуудын хүндэтгэлийн зоог, шүүс болох ууц тавих, хөндөх ёсны тухай илтгэлдээ онцолжээ. 


Мөн "Занабазарын гоо зүйн үзэл нь уран баримал, уран бүтээлдээ чимэглэл, хээ дүрс болон илэрч гардаг байсан. Тухайлбал, Цагаан дара, Ногоон дара, Язгуурын таван бурхны бүтээлд хүний дотор санаан дахь таван муу хор болох атаа хорсол, шунал сэтгэл, хүсэл тачаал, харам сэтгэл, мунхаг харанхуйг дарахыг бэлгэдсэн дотоод сайн сайхны тухай үзлийг тодруулан гаргасан. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн 18 хэв шинжийг тодотгосон" хэмээн судлаач Д.Гоомарал "Занабазарын зарим уран бүтээл дэх гоо зүйн илэрхийлэл" илтгэлдээ дурджээ. 


Холбоотой мэдээ