1992 оноос хойш ДОХ-ын 344 тохиолдол бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2022-11-28 16:33:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад бэлгийн замаар дамжих халдвар болон Дархлал хомсдолын вирус/ДОХ-оос сэргийлэх, тусламж үйлчилгээний үндэсний үйл ажиллагаанд зарцуулж буй санхүүжилтийн 60 орчим хувийг олон улсын байгууллагаас бүрдүүлдэг.


Энэ байдал зогсох, багасах хэмжээнд хүрч буйг өнөөдөр “Туушин” зочид буудалд болсон БЗДХ, ХДХВ/ДОХ-ын асуудлаарх үндэсний VIII чуулганаар хөндлөө.


Тодруулбал, олон улсын донор байгууллагуудын санхүүжилт Засгийн газрын санхүүжилтэд шилжих нөхцөл байдал бий болж байна. Энэ нь эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжих буюу “Шилжилтийн үеийн санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах”-д хүрч буй нь өнөөдрийн чуулганы гол сэдэв байв.


Тиймээс оролцогч нар БЗДХ, ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг орон нутагт олон салбарын оролцоог ханган, төр, ТББ, иргэдийн төлөөлөл, ажил олгогчид хамтран хэлэлцэв. Тодруулбал, тулгамдаж буй нөхцөл байдлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлсон үндэсний хэмжээний урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлж, үр дүн шийдвэрийг нэгтгэн нэгдсэн зөвлөмжийг боловсруулах аж.  


Эрүүл мэндийн салбарт олон улсын байгууллагын санхүүжилт Засгийн газрын санхүүжилтад шилжих нөхцөл байдал бий болжээ.



Чуулганд ЭМЯ-ны удирдлага, Нийтийн эрүүл мэндийн газар болон УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, БСШУЯ, ХЗДХЯ болон бусад холбогдох төрийн байгууллага, НҮБ-ын төрөлжсөн болон олон улсын донор  байгууллагууд, ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сан нийслэл, дүүрэг, хөдөө орон нутгийн засаг захиргааны, төрийн,  болон иргэний нийгмийн  байгууллагуудын төлөөлөл 200 хүн оролцлоо



Тодруулга: Дэлхий дахинд ХДХВ/ДОХ шалтгаанаар болон шалтгаант хамаарал бүхий өвчнөөр анх ДХВ/ДОХ бүртгэгдсэнээс хойш 40.1 сая, 2021 онд 650.000 иргэн нас баржээ. Манай улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт 344 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна

Холбоотой мэдээ