ХОВД: Багийн эмч нар зөвлөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг нь 17 сум, 91 багтай. Хамгийн хол, алслагдсан бүсийн сум нь аймгийнхаа төвөөс 400 гаруй километрийн зайд оршдог.
Малчид,
алслагдсан багийн иргэдэд эмнэлгийн
яаралтай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэдэг “Эрүүл мэндийн анхан шатны нэгж”
бол сум, өрхийн эрүүл мэндийн төвийнхөн, тэр дундаа хөдөөгийн багийн эмч нар
билээ.
Ховд аймагт өдгөө 6 өрхийн эрүүл мэндийн төв, 16 сумын эрүүл мэндийн төв гээд нийт 22 эрүүл мэндийн анхан шатны нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, үүнд 886 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаагаас 61 нь хөдөөгийн иргэдэд дуудлагаар явуулын үйлчилгээ үзүүлдэг багийн бага эмч нар юм.
Хүн
амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох, хэнийг
ч орхигдуулахгүй байхад багийн бага эмч нарын оролцоо хамгаас чухал. Иймээс Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас багийн
эмч нарыг чадавхжуулах, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар,
хүртээмжийг дээшлүүлэх, туршлага солилцох зорилго бүхий ажлыг шат дараатай
хэрэгжүүлж ирсэн.
Тухайлбал,
2018 онд багийн бага эмч нарын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байсан
бол өдгөө хоёр дахь удаагийн зөвлөгөөнийг "Эрүүл мэндийн тусламж,
үйлчилгээнд багийн эмчийн оролцоо" сэдвийн хүрээнд амжилттай зохион
байгууллаа.
Багийн
бага эмч нарын хоёрдугаар зөвлөгөөний үйл ажиллагаанд 50 гаруй хүн хамрагдаж байна. Хөдөөгийн алслагдсан багийн иргэдэд эрүүл
мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад эм тарианы хадгалалт, хамгаалалтын
стандарт зөрчигдөх, бартаат замыг туулахад унаа тeхникийн эвдрэл гэмтэл үүсэх,
шатахуун дутагдах гэх мэт олон асуудал тулгардаг талаар багийн эмч нар хэллээ.
Мөн
цаашид багийн эмч нарыг унаажуулах, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах,
нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх,
багийн бага эмчийн орон тоог нэмэгдүүлэх, техникийн урсгал засвар үйлчилгээ
хийх, шатахуун авахтай холбоотой төсөв санжүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх
чиглэлд анхаарч ажиллахыг тэд хүслээ.
Манхан
сумын Ботгон багийн эмч З.Одхүү: "Багийн
эмчээр 29 жил ажиллаж байна. Ботгон
багийн 411 хүнд дуудлагаар, явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
үзүүлдэг.
Өвлийн
улиралд хамгийн холдоо 100 гаруй км замыг туулан малчны гэрт очиход эмийн хадгалалт, хамгаалалтын стандарт
зөрчигдсөн, эм тариа хөлдсөн байх
тохиолдол бий. Иймээс зориулалтын цүнх, эмийн бүрэн бүтэн байдлыг хадгалах сав
хэрэгтэй байна. Мөн унаа тeхникийн
эвдрэл их гардаг учраас ургсгал засвар хийх мөнгийг дээд шат шатны
байгууллагууд анхаарч, төсөв тусгах шаардлагатай.
Миний
хувьд цаашид багийн нийт хүн амыг Эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан
сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд идэвхтэй хамруулах чиглэлд анхаарна" гэж хэлэв.
Алтай
сумын Барлаг багийн эмч Ж.Мандухай: "Барлаг баг нь 785 хүн амтай. Хамгийн холдоо
1500 км явж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
үзүүлдэг.
2019
оноос эхлэн багийн эмчээр ажиллах явцад хэд хэдэн асуудалтай тулгарсан. Өөрөөр хэлбэл, унааны асуудал, шатахууны асуудал бидэнд тулгардаг. Энд төсөвлөсөн зардал хүрэлцдэггүй.
Сард
15 литр шатахуун зарцуулах эрх олддог боловч алслагдсан цэгт байгаа
иргэнд хүрч үйлчлэхэд түүнээс илүү
шатахуун хэрэгцээтэй болдог. Заримдаа багийн эмч нар өөрсдөө бензинээ олох, зээл
тавих, таньдаг хүнээс гуйх зэргээр ард иргэдэд хүрч, үйлчлэх тохиолдол бий.
Иймээс шатахууны эрхийг нэмэх шаадлагатай" хэмээн ярив.
Ийнхүү багийн эмч нар харилцан суралцаж, мэдлэг ур чадвараа дээшлүүлснээр сум, багийн малчид, ард иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг жигд, тэгш хүртээмжтэй, чанартай шуурхай хүргэх боломж өргөжих юм.
Зөвлөгөөний үеэр хөдөөгийн
зарим багийн эмч нарт мотоцикл олгож, малчид ялангуяа алслагдсан багийн иргэдэд
эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх боломж бүрдүүллээ.
Олон угсаатны өлгий болсон Ховд нутагт 22600 гаруй өрхийн 85325 хүн аж төрж байгаагийн 12.5 хувь нь 5 хүртэлх насны хүүхэд байна. Түүнчлэн хүн амын 34.1 хувийг 16 хүртэлх насны хүүхэд, 29 хувийг төрөх насны эмэгтэйчүүд эзэлж байна.