ЗАВХАН: Усны сан бүхий газарт тээврийн хэрэгслээ угаасан бол торгууль төлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-26 17:52:35

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймагт голын дэргэд болон усны сан бүхий газарт тээврийн хэрэгслээ угааж орчныг бохирдуулсан зөрчил 15 удаа гарч холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авчээ.


Зун, намрын улиралд иргэд голын дэргэд, усны сан бүхий газарт тээврийн хэрэгслээ угааж, орчныг бохирдуулах зөрчил их гардаг. Энэ нь иргэд хууль зүйн мэдлэг дутмагаас мөн хүний ухамсрын асуудалтай шууд холбоотой юм. Зөрчлийн тухай хуулийн 7.15.8-д “Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.


Уг хуулийн дагуу голын ойролцоо машин угаасан, хог тарьсан бол иргэнийг 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох юм. Мөн энэ талаарх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна. 


Тус газраас энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор усны сан бүхий газруудаар тогтмол хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллаж байгаа хэдий ч дээрх зөрчил тасрахгүй, иргэд орчноо бохирдуулах явдал улам бүр нэмэгдсээр байна. Тиймээс байгаль эх дэлхийгээ хайрлах, цэвэр орчинд амарч зугаалах боломжийг та бид өөрсдөө бий болгоно гэдгийг иргэн бүр ухамсарлаж ойлгох шаардлага тулж ирснийг Цагдаагийн газраас анхааруулж байна.


Холбоотой мэдээ