“Улаанбаатар түншлэл-2022” үзэсгэлэн худалдаа нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-09-22 15:26:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй уламжлалт “Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн худалдаа “Мишээл Экспо” төвд өнөөдөр нээгдлээ. Энэ удаа 47 дахь жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэнд ОХУ, Беларус, Малайз улс, Тайваниас хөдөө аж ахуй, хүнсний олон төрлийн бүтээгдэхүүн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсролын салбар, модны үйлдвэр, ус цэвэршүүлэх төхөөрөмж, тээвэр ложистикийн салбарын 70 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож байна. Тодруулбал, Малайз улсаас томоохон 10 компанийн 25 төлөөлөл иржээ.




Үзэсгэлэн, худалдааны нээлтэд Монгол Улсад суугаа Турк, Беларусь улсын Элчин сайд нар, Болгар улсын хэргийг түр хамаарагч болон ОХУ-ын болон Тайванийн худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцлоо. Мөн үзэсгэлэнгийн нээлтэд Беларусь улсын Үзэсгэлэн-худалдааны танхимын "Белинтер Экспо"-ын дэд захирал, ОХУ-ын "Байкал Экспо" байгууллагын ерөнхий захирал, Малайз Олон улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, тус улсын Бизнесийн дунд түвшний компаниудын консерциумын ерөнхийлөгч зэрэг манай улсад ирсэн төлөөлөгч нар хүндэт зочноор оролцон нээлтийн туузыг хайчиллаа. 


Үзэсгэлэн худалдаанд Монгол Улсыг зорин ирсэн гадаадын байгууллагуудтай бизнес уулзалт хийх уулзалтын цэгийг “Мишээл Экспо” төвд тусгайлан засчээ. Ингэснээр оролцогчид түнш байгууллага хайж буй импортлогч аж ахуйн нэгжүүд “Улаанбаатар түншлэл-2022” үзэсгэлэн яармагт оролцон, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь бодитоор үзэж танилцан, түншлэх боломжийг олгож байна.



Таван өдөр үргэлжлэх үзэсгэлэн-худалдаанд хүнс, хүнсний бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрийн салбарын болон эмнэлэг, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, барилга, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж, мэдээллийн технологи, банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ, шинэ техник, технологи, инновацийн чиглэлээр гадаад, дотоодын 100 гаруй ААН оролцож байна. "Улаанбаатар Түншлэл-2022" үзэсгэлэн-худалдааны ерөнхий ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар үндэсний "Жем интернэйшнл" ХХК энэ удаа ажиллаж байна. 

Холбоотой мэдээ