ЗАВХАН: Аюулт үзэгдэл ослын дуудлага өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.7 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-08-30 19:51:21

Завхан/МОНЦАМЭ/. Онцгой байдлын газарт өнөөдрийн байдлаар 67 удаагийн гамшиг ослын дуудлага ирсэн байна.


Тухайлбал, объектын түймэр 23, газар хөдлөлт хоёр, малын шүлхий дөрөв, аврах ажиллагааны дуудлага тав иржээ. Онцгой байдлын газрын хэмжээнд хагас жилийн байдлаар аврах ажиллагаанд 132 алба хаагч, хүн хүч ажиллаж, 38 техник хэрэгсэл ашиглажээ. Дээрх аюулт үзэгдэл ослын дуудлагын тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тус газрын алба хаагчид энэ сард бага насны таван хүүхдийн амь авран хамгаалсан. 

Тодруулбал, Тэс суманд энэ сарын хоёрны өдөр 40 орчим минут үргэлжлэн орсон усархаг борооны улмаас тус сумын Зүр багийн нутагт үер буужээ. Үерийн улмаас дөрвөн айлын гэр, долоон айлын амины орон сууц үерийн усанд автсан дуудлагаар Гал түймэр унтраах аврах 57 дугаар ангийн 19 алба хаагч, хоёр автомашинтай ажиллаж, үерт автсан айл өрхийг хуурай газарт нүүлгэн шилжүүлсэн. Мөн үерт автсан байшингийн усыг соруулж иргэдийн 78 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан бол хараа хяналтгүй орхисон бага насны таван хүүхдийн амийг авран хамгаалж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.


Түүнчлэн үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдэд сурталчилгаа мэдээлэл өгөх, голын ай сав дагуу морин эргүүлийг тогтмол явууллаа. Энэ үеэр 1730 гаруй иргэнд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, гол, нуурын эргээр анхаарал болгоомжтой аялж зугаалах. Бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх талаарх зөвлөмж, анхааруулгыг тогтмол өгч 54 алба хаагч морьтой болон завьтай эргүүлийг 24 цагаар хийгээд буй талаарх мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас өглөө.



Ерөнхий боловсролын сургуулиудад гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийжээ

Завхан аймгийн Онцгой байдлын газраас ерөнхий боловсролын хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, эрсдэлийн түвшнийг анхан шатанд тодорхойлж байна.

Өнөөдрийн байдлаар Улиастай сумын ерөнхий боловсролын таван сургууль болон СУИС-ийн харьяа Хөгжим бүжгийн сургуулийн дотуур байр, Идэр сумын ерөнхий боловсролын сургуульд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, эрсдэлийн түвшнийг анхан шатанд тодорхойллоо. Энэ үеэр гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар, журмын дагуу тохиолдож болзошгүй аюулын төрөл бүр дээр аюулын түвшин, зэрэг, эмзэг байдал, өртөнги, чадавхыг үнэлж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөжээ. Үнэлгээнд тулгуурлан тус сургуулиудад заавар зөвлөмжийг алба хаагчид өгчээ. Харин Идэр сумын сургуулийн дотуур байранд хийсэн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ, эрсдэлийн түвшний дагуу төслөөс дэмжлэг авч шаардлагатай арга хэмжээг авахаар болсон. Үнэлгээнд тулгуурлан НҮБ-ын “Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн төсөл”-өөс сумын сургуулийн дотуур байрны эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх юм гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ