ЗАВХАН: Үүргийн шүршигчээр ойн хортон шавьжтай тэмцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-08-26 12:19:50

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хоёр сумын нутагт 1000 га талбайд ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажлыг хийжээ.


Завхан аймгийн ойн сан 732035 га, хамгаалалтын бүсийн ой 73 хувь, ашиглалтын бүсийн 27 хувийг эзэлдэг. Монгол орны ойрхог чанар 8 хувь бол Завхан аймгийн ойрхог чанар нь 5,6 хувь юм. Ойн сангийн талбайн хэмжээгээрээ Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган аймгийн дараа орно. Ой бүхий сумдын нутагт жил бүр ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг тодорхой төлөвлөгөөний дагуу хийдэг.

Гэвч ойд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөнөөс гадна хорхой шавж болон өөр ан амьтан ч ойд хөнөөл учруулдаг. Гол биотик хөнөөгч нь шавж (хүр хорхой, хүр эрвээхий) Хүр хорхой (Ips subelongatus) авгалдайгаа өвчтэй модонд шахдаг бөгөөд модонд учруулах хөнөөл нь тийм ч аюултай бус юм. Харин хэт их олширсон тохиолдолд модыг бөөнөөр нь гэмтээдэг бөгөөд үүнээс болж мод хатаж хорчийдог. Мод бэлтгэлээс үлдсэн хаягдлыг цэвэрлэж зайлуулаагүйгээс хүр хорхой үржих нөхцөл бүрддэг. Сибирийн хүр эрвээхий (Dendrolimus sibiricus) олширсон тохиолдолд ойн талбайд их хэмжээний хохирол учруулдаг. Ойн экосистемд учруулж байгаа ан амьтны хохирол төдийлөн их биш ч байгалийн аясаар залуужиж байгаа өсвөрийн ургацыг гэмтээснээр их хэмжээний хохирол үүсдэг. Тиймээс ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажлыг жил бүр хийж байгаа юм. Энэ жил Баянтэс, Баянхайрхан сумын ойн санд хөнөөл учруулж буй Якобсоны төөлүүрч эрвээхэй, шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэйтэй тэмцэх ажлыг хийсэн. Энэхүү ажлыг “Хатант форест” ХХК гүйцэтгэж 1000 га талбайд хортон устгалын ажлыг үүргийн шүршигч утаат багаж ашиглан хийгээд буй. Түдэвтэй сум дахь сум дундын ойн анги, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид энэхүү ажилд хамтран оролцож, хяналт тавьж ажлын үр дүнг актаар хүлээн аваад байна гэж аймгийн БОАЖГ-ын Ойн албанаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ