ГОВЬ-АЛТАЙ: Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн Есөнбулаг суманд хөл хорио тогтооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-08-22 17:23:53

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор өнөөдрийн 19 цагаас эхлэн 24 цагийн хугацаанд аймгийн төв Есөнбулаг суманд хөл хорио тогтооно.

Тодруулбал, Есөнбулаг сумд энэ сарын 20-ны өдөр хавхаар тарвага агнаж идсэн иргэнээс "Тарваган тахал" өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тул мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай авч ажиллан, сорьцыг Зоонозын өвчин судлалын үндэсний төв рүү илгээжээ. Шинжилгээний хариу гарах хүртэл буюу наймдугаар сарын 22-ны 19:00 цагаас 23-ны 19:00 цаг хүртэл хөл хорио тогтооно гэлээ.

Энэ хугацаанд аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг хязгаарлах бол орох хөдөлгөөн хэвийн байх аж. Мөн хугацаанд үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ, аймгийн Засаг даргын захирамж гарсаны дараа холбогдох мэдээллийг дэлгэрэнгүй өгнө хэмээн Онцгой комиссоос мэдээллээ.


Холбоотой мэдээ