Үндэсний соёл амралтын хүрээлэнд Тайванийн мод усалгааны эко хувин хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-22 18:10:20
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, Тайванийн “Ци Шинь сан”, Монгол Улсын “Хязгааргүй байгаль сан” ТББ хамтран Үндэсний соёл амралтын хүрээлэнд 2022 оны 8-р сарын 22-ны өдөр 280 ширхэг Тайванийн мод усалгааны эко хувин хүлээлгэн өгч, мод тарих ёслолын арга хэмжээ зохион байгуулав.


Энэ арга хэмжээгээр дамжуулан Тайванийн мод усалгааны эко хувинг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж буйгаараа ихээхэн ач холбогдолтой юм. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албаны төлөөллүүд уригдан оролцов. Тайванийн хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь салбар, Дархан хотын багш оюутнууд, “My club” ТББ хамтран энэхүү мод усалгааны эко хувинг ашиглан мод суулгасан байна. 


Тайванийн "Ци Шинь сан" нь Тайванийн “Рэнжоу” аж ахуйн нэгжтэй хамтран мод усалгааны эко хувинг хөгжүүлж, дахин боловсруулсан цаасыг ашиглан эко хувин үйлдвэрлэдэг бөгөөд энэхүү эко хувингийн тусламжтайгаар модны суулгацыг 1 сарын турш ус чийгээр бүрэн хангах боломжтой юм. Харин үүний дараа борооны ус болон зөөвөрлөн авчирсан усны тусламжтайгаар усны нөөцийг дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр хуурай хөрстэй бүс нутагт модны ургалт, ойжуулалтыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Энэхүү мод усалгааны эко хувин нь 3-4 жилийн дараа буюу мод бүрэн ургаж гүйцсэний дараа задарч хөрсөнд шингэдэг, байгаль орчинд ээлтэй технологи юм. Тайванийн мод усалгааны эко хувинг ашиглаагүй нийт суулгасан модны 10 хувь нь л амжилттай ургаж байсан бол эко хувинг ашиглан мод суулгасан тохиолдлын 70-95 хувь нь амжилттай ургажээ. Тайваньд сурдаг Монгол оюутан залуус энэхүү эко хувинг Монгол оронд ашиглахад нэн тохиромжтой гэж үзжээ. 


Нийслэлийн засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдолын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөртэй холбогдуулан Нийслэлийн төр захиргааны байгууллагууд 1.5 сая мод тарих зорилт дэвшүүлж, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Хөгжиж буй улс орнууд ч ойрын хугацаанд ногоон байгууламжийг тэлэх чиглэлээр хүчин чармайлт гарган ажилласаар байна. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтод идэвхтэй дэмжлэг үзүүлж буй Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар болон Тайванийн “Ци Шинь сан” ТББ-д талархаж байна” гэв.


Тайванийн "Ци Шинь сан"-гийн захирал Чэн Ли И “Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр энэ удаад Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран ажиллаж буйдаа гүнээ талархаж байна. Бид Тайванийн далайн эрэг дагуу зуны улиралд 80 градус хүртэл халдаг, өвөлдөө хүчтэй салхи салхилдаг элсэрхэг хөрсөнд одоогоор 1 сая гаруй мод тариад байна. Энэ удаагийн мод суулгах туршилтаар дамжуулан бидний үйл хэрэг цаашид улам бүр өргөжин тэлэх боломж нээгдэж, илүү олон мод амжилттай тарьж суулгах болно гэдэгт итгэлтэй байна. Ой модтой бол устай, зөөлөн уур амьсгалтай болж, байгалийн үзэсгэлэнт өнгө үзэмжийг бүрдүүлнэ. Ингэснээр бид уур амьсгалын сорилттой тулгарах үед илүү тэсвэртэй, уян хатан байж чадах болно” гэв. 


Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн захирал Н.Мэндбаяр хэлсэн үгэндээ “Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар болон Тайванийн "Ци Шинь сан"-гийн зүгээс мод усалгааны эко хувин болон 300 ширхэг модны суулгац хүлээлгэн өгсөнд гүнээ талархаж байна. Үндэсний соёл амралтын хүрээлэн эдгээрийн тусламжтайгаар ногоон байгууламжийн талбайгаа өргөжүүлэхээр хичээн ажиллах болно” хэмээн онцлов.


Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн Грэйс Лүө “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөртэй холбогдуулан манай төлөөлөгчийн газар нь Тайванийн "Ци Шинь сан"-тай хамтран Тайванийн мод усалгааны эко хувингийн эхний хэсгийг Монгол Улсад хүлээлгэн өгч, Үндэсний соёл амралтын хүрээлэнд эко хувин ашиглан мод суулгасан туршилтын талбай байгуулав. Энэ нь дээр дурдсан эко хувинг Монгол оронд сурталчлах үндэс суурь болно гэж найдаж байна” гэсэн юм.











Холбоотой мэдээ