Я.Содбаатар: Түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн болж, хэрэглэгчийн гарт хүрэх хүртэл бүх үйл явцыг хянах систем байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-28 11:43:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан, УИХ-аас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, уг тогтоолын талаар болон цаг үеийн асуудлаар сонирхсон асуултад нь хариулллаа.


-Ирэх сараас хэрэгжиж эхлэх “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын гол заалтыг танилцуулна уу?

-Хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар Ерөнхийлөгчийн байр суурь маш тодорхой байгаа. Олон улсын асуудлаас гадна дотоодын нөхцөл байдал ч бид хүнсний хангамж, аюулгүй байдалдаа онцгой анхаарах шаардлага гарсныг харуулж байна. Ялангуяа олон улсын ээдрээт нөхцөл байдал нь дэлхий нийтээр хүнсний хангамжид ноцтой нөлөөлж эхэлж байгаа. ОХУ, Украин бол дэлхийн хүнсний салбарын томоохон нийлүүлэгч орон. Энэ улсуудад үүссэн асуудлаас болоод олон орон хүнсний экспортор хязгаарлаж байгаа. Энэ нь манай улсын хүнсний хангамжид сөргөөр нөлөөлж, сүүлийн нэг жил хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Тиймээс хүнсний аюулгүй байдлын асуудлыг бид энэ хүрээнд маш хурцаар тавьж байгаа. Хамгийн сүүлд л гэхэд Эмээлтийн махны асуудал иргэдийг ихээр бухимдуулсан. Энэ бол хүнсний аюулгүй байдал алдагдаж байгаагийн том жишээ. Ерөнхийлөгч энэ асуудлыг анхааралдаа авч, холбогдох албан тушаалтнуудад хатуу сануулга өгч хариуцлага тооцож байгаа. Тэр ч утггаараа хүнсний аюулгүй байдлын асуудлаар хэд хэдэн томоохон зөвлөгөөн зохион байгуулж, эрдэмтэдийн үг, мэдээ, мэдээллийг сонслоо. Ингээд  түүнийгээ төрийн бодлого, шийдвэрт тусгаж байна. Энэ утгаараа Ерөнхийлөгч тавдугаар сарын 13-нд УИХ-д үг хэлж, “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өргөн барьсан. УИХ уг тогтоолыг шуурхай баталж, хүнсний салбарт түүхэн гэж хэлж болох шийдвэр гаргалаа. Энэ тогтоол ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр Монгол Улс 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах төдийгүй, бүх малаа эрүүлжүүлэх том зорилт дэвшүүллээ. Үүнд багтсан нэг том асуудал нь лабораторийн хүчин чадлыг сайжруулж, нэгдсэн сүлжээ бий болгох, хувийн хэвшлийн итгэмжлэгдсэн лабораторийг олноор байгуулж, хяналтыг сайжруулах зайлшгүй шаардлага бий болж байгаа юм.


-Эмээлтийн махны асуудалд Ерөнхийлөгч ямар байр суурьтай байгаа вэ?

-Төрийн тэрүүн бол “Тэр махыг устга” эсхүл “Энэ махыг ид” гэж хэлдэг албан тушаалтан биш. Ерөөсөө Монгол Улсын хүн амын хүнсний аюулгүй байдалд ямар хор хохирол учирч байна, ямар нөхцөл байдал үүсч болзошгүй байна, хэрхэн анхаарах вэ зэрэг асуудлыг нэгтгээд улсын хэмжээнд улс төрийн манлайлал үзүүлж, парламентын түвшинд томоохон шийдвэр гаргаж, энэ салбарыг шинэчлэх ажил эхэлж байгаа юм.  Хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлын асуудал сүүлийн жилүүдэд их орхигдож, дотооддоо үйлдвэрлэдэг байсан хүнсний бүтээгдэхүүнээ ч импортоор авдаг болчихсон. Орж ирж байгаа бүтээгдэхүүнд тавих хяналт суларч, тээвэр логистикийн хүндрэл үүссэний улмаас дотоодод үйлдвэрлэсэн зарим бүтээгдэхүүний хугацаа дуусах, хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш өсөх, чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлэх зэрэг хүндрэл гарч байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэх, дотоодын үйлдвэрлэлээ яаж дэмжих, хүнсний аюулгүй байдалд хяналт тавих лабораторийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ гэдэгт анхаарч байна. Яг Эмээлтийн махны асуудалд Засгийн газар ажлын баг байгуулж, тодорхой шийдвэр гаргаад, долоо хоног бүр хэлэлцэж байгаа. Тухайлбал, есдүгээр сарын 1-нээс эхлээд дулааны аргаар боловсруулсан махны техникийн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Энэ зохицуулалтын хүрээнд цаашид дулааны аргаар мах боловсруулна. Үүнийг дагаад экспортын асуудлыг шийдээд явах юм. Ер нь бол Эмээлтийн асуудалд хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, цаашид хатуу хяналт тавих ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс энэ асуудлыг шууд хариуцаж байгаа Засгийн газар, холбогдох яамд энэ чиглэлийн сануулга өгч, үүрэг өгсөн байгаа. ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн газарт яг энэ асуудлаар томоохон ажлын баг гаргаж, мөрдөн шалгаж байгаа.


-Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Үүнд хүнсний аюулгүй байдлыг хэрхэн тусгаж байна вэ?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, эрдэмтэдийн ажлын багаас Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзэн төслийг боловсруулсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөж, ажилдаа орсны дараа Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа нэг бүрчлэн хяналт, мониторинг хийсэн. Нийт 50 хувийн хэрэгжилт удаашралтай буюу бүрэн хэрэгжээгүй байна гэдэг дүгнэлт гарсан байгаа. Энэ хүрээнд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг бид өнөөгийн цаг үеийн шаардлагад нийцүүлж, өөрчилж байгаа юм. Манай хоёр хөрш энэ онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа томоохон өөрчлөлт хийлээ. АНУ-аас эхлээд дэлхийн томоохон орнууд олон улсын нөхцөл байдал, КОВИД-19 цар тахал, бусад ээдрээд нөхцөл байдалтай холбоотойгоор ойрын жилүүдэд баримтлал Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа томоохон өөрчлөлт хийж байгаа. Ялангуяа дотоодын үндэснийхээ үйлдврлэл, зах зээлээ хамгаалах, хангамжаа тогтвортой байлгах асуудлыг дэлхий нийтэд үүсэж байгаа шинэ нөхцөл байдалтай уялдуулж байна. Тиймээс Монгол Улс ч гэсэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд томоохон буюу 65.3 хувьд нь өөрчлөлт хийхээр шинэчилсэн найруулгын төслийг бэлдсэн. Үүнийг дагаад 1992 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчилнэ. Үүнд багтаж байгаа нэг томоохон бүлэг бол хүнсний аюулгүй байдлын асуудал. Хүнсний аюулгүй байдлыг бид хоёр багц байдлаар харж байна. Нэгдүгээрт, хүнсний хангамжийг тасалдуулж болохгүй. Ялангуяа хүнсний хангамжийн асуудалд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, болж өгвөл дотооддоо үйлдвэрлэдэг байх байр суурийг барьж байгаа. Тийм ч учраас ойрын 5 жилийн дотор 19 нэр төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах, цаашдаа экспортлох суурь тавих зорилт дэвшүүлсэн. Хоёрдугаарт, хүнсний аюулгүй байдал. Ингэхдээ стандартуудаа цэгцлэх, лабораториудынхаа хүчин чадлыг сайжруулж, олон улсад итгэмжлүүлэх хэрэгтэй байна. Хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг шинэчлэх хэрэгтэй байна. Хамгийн наад захын жишээ нь ирэх долоо хоногт УИХ-аас батлахөөр товлоод буй Согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээнд хяналт тавих хуулийн төсөл. Энэ төсөлд согтууруулах ундааний түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн болоод хэрэглэгчийн гарт хүрэх хүртэл бүх үйл явцыг хянах цахим систем байгуулахаар тусгасан. Нэг ёсондоо хууль бус архи үйлдвэрлэх  асуудлыг таслан зогсоох олон улсын стандартад нийцсэн цахим бүртгэл бий болгох юм. Шагийн архи гарах боломжгүй болж, иргэд худалдан авалтын касс дээр нэг талдаа мөнгө, нөгөө талдаа согтууруулах ундаагаа уншуулж, давхар хянах цахим систем. Үүнтэй ижлээр хүнсний бүтээгдэхүүнийг ч түүхий эдээс эхлээд хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх хяналтын системээ сайжруулах зайлшгүй шаардлага байгаа.


-Малын өвчлөлийг нуун дарагдуулдаг гэсэн асуудал бий. Салбарын сайд нь ч энэ талаар мэдээлэл өгдөггүй?

-Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцох бүрэн эрхийг 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдад өгсөн. Үүнийг бүгд мэдэж байгаа. Нөгөө талдаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл болон олон салбар хамаардаг амаргүй зүйл. Салбар яамнаас хүнсний хангамж, ялангуяа махны асуудлаар мэдээлэл өгч байгаа гэж ойлгож байгаа. Харин мал, амьтны өвчлөлтэй холбоотойгоор зохих ажлыг хэрэгжүүлж байгаагийн жишээ нь энэ оны дөрөв, тавдугаар сард малаа вакцинжуулах кампанит ажил өрнүүлсэн. УИХ-д “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг танилцуулж байхдаа, ирэх 3 жилийн хугацаанд малаа бүрэн вакцинжуулах хөрөнгийг төсөвт тусгахыг уриалсан. Өнөөдөр маш бага хөрөнгө тавьж, 20-30 хувийг л вакцинжуулж байна. Энэ нь эргээд эдийн засагт хор хохиролтой өвчин гарах эрсдэл дагуулж байгаа. Тиймээс 5 жилийн хугацаанд нийт малаа эрүүлжүүлэх цогц ажил хэрэгжүүлнэ. Ингэхийн тулд нэгдүгээрт, Биокомбинатаа шинэчлэхээс био бэлдмэл, вакцинаа дотооддоо үйлдвэрлэх асуудлыг бүрэн шийдвэрлэх ёстой. Хоёрдугаарт, тарилга, вакцинжуулалтыг цаг тухайд нь хийх ёстой. Гуравдугаарт, малчид ч Малын генетик нөөцийн тухай хуулийн шаардлагыг биелүүлэх ёстой. Ингэж малчнаас яам хүртэл бүх шатандаа хариуцлагатай хандаж байж энэ том зорилтыг хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд 70 сая малаас хүртэх ашиг шим нэмэгдэнэ гэж харж байгаа. Ер нь бол Засгийн газар хэвлэл мэдээллийн байгууллагад нээлтэй байх ёстой гэдэг байр суурьтай байна. Яагаад гэхээр бид КОВИД-19-ийн амаргүй нөхцөл байдлыг туулж байна. Нөгөө талдаа ОХУ, Украины асуудлаас эхлээд олон улсад үүсэж байгаа нөхцөл байдлын улмаас бий болсон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляци Засгийн газарт хүндээр тусч байгаа. Үүнийгээ иргэдэд зөв тайлбарлаж ойлгуулахад хэвлэл мэдээллийн байгууллагтай хамтарч ажиллаж байгаа гэж үзэж байна.


-Махны асуудалд Ерөнхийлөгчийн дүү нэр холбогдож байгаа. Үүнд албан ёсоор тайлбар өгнө үү?

-Тийм зүйл байхгүй. Цагдаагийн байгууллага нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг шалгаж байгаа юм билээ. Тэдгээр нь улс төрчидтэй холбогддог. Тэрэн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ах, дүүтэй холбоотой хүн байхгүй. Ерөнхийлөгчийн төрсөн ах, дүүгээс төрд ажилладаг хүн байхгүй. Тэгэхээр тэдгээр хүмүүс өөрсдийн аж амьдралаа залгуулахын тулд тодорхой бизнес эрхэлж л байгаа. Гагцхүү тэр нь хуулийн дагуу л байх ёстой бөгөөд хууль зөрчсөн ямар нэгэн асуудалд холбогдоогүй гэдгийг анхааруулж хэлье. Үндсэн хуулиар Монгол Улсыг гадаад, дотоодод төлөөлөх бие хүн бол Ерөнхийлөгч байдаг. Тиймээс Үндсэн хуулийн дагуу ганцхан Ерөнхийлөгчийн нэр хүндийг хуулиар хамгаалдаг. Энэ бол хувь У.Хүрэлсүх гэдэг хүний асуудал биш бөгөөд Монгол Улсын иргэдээс сонгогдсон Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн асуудал. Тиймээс Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлыг ЕТГ, ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулах хэрэгтэй. Бид бүхэнд нээлттэй байж, мэдээ мэдээллээ өгөх сонирхолтой байгаа.


-Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлож байгаагаас мал амьтан ихээр хордож байгаа гэсэн мэдээлэл бий?

-Улаанбадрах сумын асуудал олон жил яригдаж байгаа. Олон улсын байгууллагын шинжээчид ирж дүгнэлт хийсэн. Манай мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлт ч бий. Мөн тухайн газарт байнгын цацрагийн хяналт хийж байгаа. Тэнд хүн, мал, байгаль орчинд хор хохирол учруулахуйц асуудал үүсвэл шууд зогсоох ёстой. Одоогоор тийм асуудал байхгүй гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэдэг. Харин уран олборлолтоос үүдэн мал амьтан хордож байгаа талаар иргэд болон иргэний нийгмийн байгууллагаас гомдол гаргадаг. Тэр бүрт нь холбогдогдох албаныхан очиж байнга хяналт шалгалт хийж байгаа.

Холбоотой мэдээ