ОХУ, Азербайжан, Ираны төрийн тэргүүн нар Бакуд уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-03 12:30:03

БАКУ. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани нар энэ сарын 8-нд Баку хотноо уулзаж, Умард-Өмнөд чиглэлийн тээврийн коридорын асуудлыг хэлэлцэнэ.

Энэ тухай Азербайжаны Гадаад хэргийн сайд Эльмар Мамедъяров болон Ираны Харилцаа холбоо, мэдээллийн технологийн сайд Махмуд Ваези нар өчигдөр болсон уулзалтын үеэр мэдэгдэв.

Умард-Өмнөд чиглэлийн тээврийн коридорын асуудал төрийн тэргүүн нарийн гурван талын уулзалтын гол сэдэв байх болно гэдгийг сайд нар онцлоод, энэ төсөл нь бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Сайд нар уулзалтын үеэр удахгүй болох гурван талын уулзалтын ач холбогдлыг онцолсон байна.

Азербайжан-Ираны эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааны улсын комиссын дарга Махмуд Ваези одоогийн байдлаар Баку хотод байрлаж, Ираны Ерөнхийлөгч Хассан Роуханигийн Азербайжанд хийх айлчлалд бэлтгэж байгаа ажээ.

Умард-Өмнөд чиглэлийн тээврийн коридор нь Азербайжан, Иран, Оросын төмөр замын сүлжээг ашиглан Хойд Европ болон Зүүн Өмнөд Азийг холбох юм.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ