Соёлын бүтээлч байдлыг дэмжих хууль батлуулж, эрх зүйн орчин бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-04-15 14:00:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн урлагийн өдрөөр “Бүтээлч байдлын төлөө соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” дэлхийн тайланг Гадаад харилцааны яаманд нээлээ.


Тайлан нь шинэ өгөгдөл, мэдээллийг нэгтгэж цар тахлын холбогдолтой хэлэлцэх асуудлыг өргөжүүлэн, соёлын салбар дахь эмзэг байдлыг багасгах, салбарын давуу тал, онцлогт тулгуурлан дэлхий нийтийн 2030 он хүртэл дэвшүүлээд буй тогтвортой хөгжлийн зорилгод хувь нэмэр оруулахыг зорьсон байна. Үүнд ахиц дэвшлийг дэмжих, тулгамдаж буй сорилтыг тодорхойлох, соёлын бүтээлч салбаруудтай хамтран Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030-ийг хэрэгжүүлэхэд дэлхий, бүс нутаг, үндэсний хэмжээний сүүлийн үеийн тоо баримт ашиглажээ.


Монгол Улс ЮНЕСКО-гийн соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах, дэмжих тухай 2005 оны конвенцид 2007 онд нэгдсэнээс хойш идэвхтэй гишүүнээр ажиллаж байна. Шведийн олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжүүлсэн “Суурь эрх чөлөө ба соёлын илэрхийллийн олон төрлийг дэмжихэд соёлын бодлогыг дахин тодорхойлох нь төслийг 2018-2021 онд, Соёлын илэрхийллийн сангаас “Соёлын үйлдвэрлэлийн бодлого боловсруулах, үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төсөлд санхүүжилт авч 2019-2022 онд хэрэгжүүлж байна. Ингэснээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний зураглал боловсруулан, 21 аймгийн үндэсний соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай мэдлэг ойлголтыг нэмжээ.


Монгол Улс нь соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах, дэмжих Засгийн газар хоорондын хорооны гишүүнээр 2019 онд сонгогдон ажиллаж байгаа бөгөөд тайланд ач холбогдол өгч нээлтийг зохион байгуулж байна. Энэ нь конвенцийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, төр иргэний нийгэм, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, жендерийн тэгш байдлыг дэмжиж залуусын идэвх оролцоог нэмэхэд түлхэц болох аж. 


Соёл нь манай улсын өрсөлдөх чадвар, хүний хөгжил, нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой. Соёлын бодлогодоо конвенцийн үзэл баримтлалыг тусгах нь чухал. Соёлын бүтээлч байдлыг дэмжих хууль батлуулж, эрх зүйн орчин бүрдүүлэхийг зорьж байгааг БШУ-ны сайд М.Батбаяр онцоллоо. 



Тэрбээр, "Манай улсын соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь ДНБ-ий 1.3 хувь буюу 480 тэрбум төгрөгийг бүрдүүлж байна. Энэ салбарт 33 мянган хүн ажиллаж байгаагийн 16 мянга нь эмэгтэйчүүд. Соёлын бодлогоо Монгол Улсыг хөгжүүлэх “Алсын хараа хөтөлбөртэй уялдуулж байгаа. Эдгээр бодлого байгаль орчинд ээлтэй, бүх хүнд хүртээмжтэй, судалгаа шинжилгээнд тулгуурласан байх зарчимтай. Соёл нь бусдыг ялгаварладаггүй, жигд оролцдог, тэгш боломж олгодог салбар. Цар тахлын үед бид цахим орчныг их ашиглаж байгаа. Уран бүтээл, соёлыг цахимаар түгээх, дүрслэх урлагийн бүтээлийн цахим дуудлага худалдаанд оролцуулах зэрэг аргыг туршиж байгаа”-г хэлсэн юм. 


ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс тайлангийн нээлтийн хүрээнд дугуй ширээний уулзалт, хэвлэлийн хурлыг Шведийн олон улсын хөгжлийн агентлаг, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгээр Соёлын яам, СУИС-тай хамтран зохион байгуулсан юм. Энэ үеэр Монгол Улсын соёлын бүтээлч салбарыг хөгжүүлэх арга зам, уран бүтээлч, соёлын мэргэжилтний нийгэм, эдийн засгийн статусыг дэмжих талаар иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, бие даасан уран бүтээлч, төр, олон улсын байгууллагын төлөөллүүд санал солилцлоо. 

Холбоотой мэдээ