Б.Чимид:Мөнх цэвдгийг мод тарьж л хамгаална

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-04-13 15:35:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын байгаль орчны Гавьяат ажилтан, биологийн ухааны доктор, профессор Б.Чимид “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб”-ын сэтгүүлчидтэй уулзав. Нийслэл хотын ерөнхий дендрологичоор 20 гаруй ажилласан тэрээр өдгөө Улаанбаатар хотын ерөнхий менежерийн зөвлөхөөр ажиллаж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд 120 сая мод тарихаар төлөвлөж буй. Хэрэгжилт, бэлтгэл ажлын талаар мэргэжлийн хүний хувьд санал бодлоо хуваалцана уу?

-Нийслэлд жилд 300-400-аад мянган бут сөөг, цөөн тооны том оврын модыг ерөнхий төлөвлөгөөгөөр гудамж талбайд тарьж суулгадаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалга санаачилгаар хэрэгжиж эхэлж буй “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд нийслэл хотод тарих 120 сая модыг Туул, Сэлбэ, Улиастай голын сав газар, нийслэлийн ногоон бүсийг хоттой холбох, гэр хорооллыг моджуулах, том цэцэрлэгт хүрээлэнг байгуулах замаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ нь усны эх үүсвэрээ дагуулан нийслэлд голуудын ай сав газар, хот орчмын цэцэрлэгжүүлэлт, ногоон бүсийг тэлэх зорилготой юм. Бусдаар үүнийг зарим хүнийн бодоод байгаа шиг бүгдийг нь хот дотроо, хотын төвд тарихгүй. Тийм тооны мод багтах ч үгүй. Хот ерөнхий төлөвлөгөөгөөрөө хөгждөг, тэрний дагуу л хэрэгжинэ.

Бод л доо, жилд тарьдаг 400 мянган модоор авч үзэх юм хотын төвд 10 жилд 4 сая мод тарина шүү дээ. Тиймээс хот төлөвлөсөндөө таарсан модыг л тарина. Ер нь мод тарих орон зай бол нийслэлд их байна. Тодруулбал, нийслэлд өнөөдөр суурьшлын бүсэд 270 мянган хашаа, 20 мянгаад га талбайг эзэлж байна. Үүнийг бүгдийг хамарч, айл өрх бүр 5-10-аас доошгүй бут сөөг тарих боломжтой. Гэхдээ энд өмнөх жилүүдийнх шиг айл бүр хашаандаа 1 мод тарья гэдэг бол буруу ойлголт. Мод бол ганц нэгээрээ бус ханиндаа, нэг нэгнийхээ нөмөрт ургадаг. Модыг олноор нь саглагар ой болгон тарих учиртай. Улаанбаатар хотын гэр хороолол хавтгайдаа ногоон болох бололцоотой.




Нийслэлээс хийж буй эхний төлөвлөсөн ажил гэвэл Баянзүрх хайрхан уулыг Ерөнхийлөгчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн болгохоор газрынх нь хэмжээг гаргаад зураг төслийг нь бэлэн болгоод байна. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар энэ талаар хэлэлцэж сайшаагдаад Баянзүрх уулыг тэр аяар нь ой, амралт зугаалгын бүс болгох юм. Хар усан тохойгоос нааш 300 га газрыг цэцрлэгт хүрээлэн болгоно. Нийслэлд ер нь Богд уулын ар, Баянхошуу, Зүүн салаа гээд цэцэрлэгт хүрээлэн байгуулах газар зөндөө байгаа. Гол нь эдгээр газрыг хариуцах эзэнтэй болгож, томоохон төсөл хэрэгжүүлэх, түүнийгээ ажил болгох хэрэгтэй. Ингэх юм бол Улаанбаатар хот тэр аяараа, эргэн тойрон ой доторх хот болгох боломж байна. Энд нэгдсэн зохион байгуулалт, нийтийн оролцоо их чухал.




-“Тэрбум мод” хөдөлгөөний ач холбогдол, үр дүнг юу гэж харж байна вэ?

-Энд юуны өмнө мөнх цэвдэг дээр оршдог Монголын ойн онцлогийг дурдах хэрэгтэй. Манай ой чинь Сибирийн урд талын бүсийнх. Богд уулаас урагш ямар ч ой байхгүй, Хуш, нарс, шинэс, шилмүүст мод зөвхөн Богд ууланд ургаж байна. Манай ой чинь дэлхийн гол гурван усны хагалбар дээр байдаг, урд талаасаа цөлжилт нүүрлэж, дэлхийн хэмээс илүү урд талаасаа дулаараад ирж буй өнөөгийн нөхцөлд мөнх цэвдэг хайлж урсаж алга болж байна. Мөнх цэвдгийг мод тарьж л хамгаална.

Дэлхийн олон гол ус манай Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулаас эх аван олон ай сав руу урсаж байдаг. Энэ нөхцөлд, хэдэн түмэн жилийн урсаж буй усны эх хорогдож багасгах нь ойлгомтой. Тиймээс дэлхийн дулаарлын эсрэг, цөлжилтийн эсрэг мод тарьж эх орноо ойжуулна гэдэг Ерөнхийлөгчийн санал, санаачилга цаг үеэ олсон. Энд бүх нийтээр хөдөлж байж л бид уур амьсгалын өөрчлөлтөөс аврагдана.

-Хуучин манайд мод үржүүлгийн газар их байлаа. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, хотын мод үржүүлгийн газар мэргэжлийн түвшинд зориудын плантац байгуулан мод үржүүлж тэгээд суулгаж ургуулдаг байсан. Энэ байдал хэвээрээ байгаа юу? Юу гэвэл сүүлийн жилүүдэд ойгоос мод авчирч суулгаж байна гээд нэлээд шүүмжлэлд өртсөн.

-Тэр хуучны байдал алдагдаагүй. Өмчлөлийн хэлбэр энэ тэр нь өөрчлөгдсөн болохоос биш одоо нэг ААН гэхэд мод үржүүлгийн 30-аад газар ажиллуулж байна. Иргэд хувиараа их мод тарьж байна. Нэг сая мод ургуулж буй хүмүүс ч байна. Мод үржүүлгийн газар чухал уу, хэрэгтэй юу гэвэл тэр нь шиг шаардлагатай юм байхгүй. Шилмүүс, улиас навчит модыг үржүүлгийн газар мөчрөөр нь тарьж ургуулаад хотод шилжүүлдэг. Одоогийн нийслэлийн гудамж, талбай дахь энэ моднууд чинь мод үржүүлгийн газруудынх.

Гэхдээ бас шинэс, гацуур, хуш зэрэг үржүүлгийн газраас авчирсан ч тарьж болдоггүй моднууд байна. Жишээ нь, хуш модыг жижиг самраар нь тарьдаг. Тэр жижигхэн самрын боргоцойг чинь хотод авчирч тарихад өвс шиг гишгэгдээд өнгөрнө. Том модыг 4 метр болгон ургуулахад 20 жилийн арчилгаа шаардагддаг. Тиймээс 2-3 удаа мод үржүүлгийн газар тарьж бойжуулах талбайгаар дамжуулан ургуулж байж хот руу шилжүүлдэг. “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд ихэнх модыг үрээр тарих ёстой. Одоо жишээ нь, энэ хайлаасны үр гэхэд мянган ширхэг үр нь 7-хон граммын жинтэй байдаг. Нарсны боргоцойн үр гэхэд ийм жижигхэн хэрнээ тэвэрт багтахгүй, 30-40 метр өндөр мод болдог. 







Холбоотой мэдээ