Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, хүлэмжийн хийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал

ОРОН НУТАГТ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-03-24 18:59:58

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт уур амьсгалын өөрчлөлтөд хувь хүний хүчин зүйлээс шалтгаалсан нөлөөллийг бууруулахад Улиастайчууд нэгдсээр байна гэж "Туна тэргэл сан" ТББ-аас мэдээлэв.

Монголын Эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр тус төрийн бус байгууллага нь “Хамтын-хүч“ төслийг хэрэгжүүлж байгаа аж. Төслийн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бидний оруулах хувь нэмэр” нэртэй аяныг сарын турш амжилттай зохион байгуулж байна. Тогтвортой хөгжлийн 13-р зорилгын хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд хүний хүчин зүйлээс шалтгаалсан нөлөөлөл”-ийг багасгахад хувь нэмрээ оруулах. Бусдыг уриалан дуудах, мэдээллээр хангах, иргэдийн хандлагыг өөрчлөхөд нөлөөлөл үзүүлэх зорилгоор аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нэгдэж хамтран ажиллажээ. Энэхүү аяныг үр дүнтэй зохион байгуулсан ерөнхий боловсролын Чандмань эрдэнэ Цогцолбор сургуулийн  төлөөлөлтэй уулзаж аяны үр дүнг нь сонслоо.


Ерөнхий боловсролын Лаборатори Чандмань Эрдэнэ сургуулийн Түүх нийгмийн ухааны багш Г.Цэвэлмаа:

Хүүхдүүдийг сэдэлжүүлэхэд аяны үр нөлөө их байлаа

-"Туна-Тэргэл Сан" ТББ-аас явуулж буй аяны хүрээнд манай сургуулийн байгальд ээлтэй багачууд сайн дураараа нэгдэн төсөлт ажлын хүрээнд олон зүйлийг санаачлан эхлүүлж байна. Багш нарын тухайд төсөлт ажлын хөтөлбөртөө уур амьсгалын өөрчлөлтийн талаар хүүхдүүдийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, шинэ сэдэвтэй болж, тэдний идэвх санаачилгыг өрнүүлснээр хүүхдүүдээс олон шинэлэг санаанууд гарсан. Тухайлбал эрчим хүчээ хэмнэх энгийн аргууд, бас хэт их тансаг хэрэглээнээс татгалзах, хувцасныхаа тоог цөөлөх, хогоо ангилж хаядаг болох. Хоол хүнсээ сонгохдоо өөрт хэрэгтэйг худалдаж авдаг болох гээд эдгээр санаануудаа хүүхдүүд маань анги хамт олон, найз нөхдөдөө мэдээлэх. Харилцан туршлага, мэдээлэл солилцож зөв дадлыг үлгэрлээд байна. Уур амьсгалын өөрчлөлтөд хувь хүний хүчин зүйлийн нөлөөллийг багасгахад сургалтын хөтөлбөрт тогтвортой хөгжил, байгаль экологийн боловсрол олгох нь тэдний идэвх санаачилгыг өрнүүлэх сэдэлжүүлэхэд энэ аяны үр дүн их нөлөө үзүүллээ. Хүүхдүүд маань уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хүүхэд бүр өдөр бүр хэрэглээгээ зөв зохистой хянах дадалд суралцахыг илүү их уриалж байна.

-Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад усаа хайрлах талаар бас сэдэлжүүлж сонирхолтой хэлбэрээр хүүхдүүд мэдээлэл солилцож, нөлөөлөл үзүүлсэн гэсэн?

-Дэлхийн уур амьсгал өөрчлөгдсөөр байгаа. Хэдэн зуун сая жилийн хугацаанд байнга хувьсан өөрчлөгдөж ирсэн. Хүний хүчин зүйл уур амьсгалд нөлөөлөх хэмжээнд хүртэл буюу 1800-аад оны сүүлч үе хүртэл байгалийн жамаараа л явж ирсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн хэлбэлзэл дунджийн хэмжээнд байсан. Харин аж үйлдвэрийн хувьсгал эрчимжсэнээс хойш хүний үйл ажиллагаа дэлхийн уур амьсгалд нөлөөлж эхэлсэн юм. Ялангуяа агаар мандлын хийнүүдэд нөлөөлж эхэлжээ. Агаар мандалд байгаа хийнүүд нь тухайн газар орны уур амьсгалыг тодорхойлж байдаг. Хүний үйл ажиллагаа нөлөөлснөөр агаар мандалд дулааны горимуудыг тодорхойлдог хийнүүдийн хэмжээ хүлцэх хэмжээнээсээ нэмэгдэж эхэлсэн. Тиймээс эдгээр нөлөөллийг багасгах олон талын судалгаануудыг хичээл дээр хүүхдүүдэд зааж өгч байна.

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Дэлхийн усны өдөр”-ийг дэлхийн улс орнууд тэмдэглэж, ундны цэвэр усаа хэрхэн ариг гамтай хэрэглэх, нөөцийг арвижуулж, хамгаалах асуудлаар олон нийтийн анхаарлыг хандуулдаг уламжлалтай. 


Усаа хайрлах, хямгадах талаар хүүхэд бүр мэддэг. Тэгвэл тэдний өдөр тутам хэрэглэдэг усыг маш олон үйлдвэрлэлд ашиглаж байгаа тоон судалгаануудыг хүүхдүүд өөрсдөө олж мэдэж үе тэнгийнхэндээ мэдээлж, усаа хайрлах талаар бүтээлч ажлуудыг сургууль дээрээ өрнүүлсэн нь ч үр дүнгээ үзүүлж байна.



Жишээлбэл, хүний тархины 70 хувь нь ус байдаг. Насанд хүрсэн хүний биеийн 66 хувь, нярай хүүхдийн биеийн 78 хувь нь уснаас бүрддэг. Хүн хоолгүйгээр нэг сар, усгүйгээр 7 хоног л амьдарч чадна. Усанд хэмнэлттэй аяга таваг угаагчаар нэг удаа аяга таваг угаахад 15 литр ус, гараар угаахад 76 литр ус ордог. Та шүршүүрт бус ваннд усанд ордог уу? Тэгвэл стандарт хэмжээтэй ванныг нэг удаа усаар дүүргэхэд 265 литр ус ордгийг мэдэх үү? Хүүхдүүдийн идэх дуртай дундаж хэмжээтэй нэг бургерийг хэрэглэгчдэд хүргэхэд нийт 2,500 литр ус хэрэглэдэг. Мөн ердөө нэг зүсэм талх 42 литр усаар бий болдог. Нэг ширхэг алим ургуулахад 68 литр ус шаарддаг. Хагас кг шоколад үйлдвэрлэхэд 12 мянган литр ус шаарддаг. Нэг хуудас цаас үйлдвэрлэхэд 10 литр ус шаарддаг гээд хүүхдүүд өөрсдийн хэрэглэдэг, иддэг хоол хүнстэйгээ холбож усны хэрэглээний талаарх сонирхолтой тоо баримтуудыг үе тэнгийнхэндээ сурталчилж усыг хайрлах, гамнахын учир холбогдлыг таниулж байна. Усаа гамнаснаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эерэг нөлөөг хувь хүмүүс үзүүлж чадна гэдгийг л хүүхдүүд бие биедээ үлгэрлэж эхэлсэн нь сайшаалтай юм.


Ерөнхий боловсролын Лаборатори Чандмань Эрдэнэ сургуулийн 8в ангийн сурагч М.Азжаргал:

Шаардлагагүй бол олон хувцас худалдан авахаас татгалзаарай

-Уур амьсгалын өөрчлөлтөд хувь хүний хүчин зүйлийн нөлөөллийг багасгахад хүүхдүүд хамгийн түрүүн оролцох ёстой гэж та бүхэн уриалжээ?

-Тийм ээ. Хүүхдүүд бид байгаль эхээ хайрлахад хамгийн түрүүн гар бие оролцож, томчууддаа үлгэрлэж харуулах хэрэгтэй санагддаг. Томчууд зөв дадлыг эхлүүлдэг ч гэлээ заримдаа мартдаг. Тэгвэл хүүхдүүд бид эх дэлхийгээ хайрлахын тулд, мөн уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлэхийн тулд бүр бага зүйлээс эхлэн зөв дадлыг суралцацгаая гэж манай ангийнхан ярилцсан. Жишээлбэл “Ус чандмань эрдэнэ” гэдэг үгийг хэн бүхэн мэднэ, бас хүний амьдралын зайлшгүй хэрэглээ, усгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ бид алхам бүртээ мэдэрдэг. Тэгвэл ус хүний амьд явах нэг баталгаа болохоос гадна бусад эд зүйлс, бидний хэрэгцээний бүрдэл хэсэг болдог юм гэдгийг бид мэдэж авсан.

Тухайлбал, мянган ширхэг хос гутал үйлдвэрлэхэд 15 мянган литр ус зарцуулдаг гэвэл та итгэх үү? Мянган кг хиам үйлдвэрлэхэд 38.5 тонн буюу 1 кг-д 38.5 литр ус, 0.75 граммтай жимсний чанамал үйлдвэрлэхэд 26.5 литр ус хэрэглэдэг байна. Мөн хими цэвэрлэгээний газар мянган кг хувцас цэвэрлэхэд 35 мянган литр гаруй ус тус тус зарцуулдаг байна.

Тиймээс хүүхдүүд бид болж өгвөл хэрэглээндээ бага ус зарцуулж суръя гэж ярилцаж байна. Бас үе тэнгийнхнээ уриалж байгаа юм. Хүүхдүүд бид өмсөхгүй олон хувцсыг шүүгээндээ хадгалж байхын оронд хэрэгтэй нэгэнд нь бэлэглэдэг байя. Бас өөртөө зайлшгүй хэрэггүй л бол мода дагаж олон хувцас худалдаж авахаас татгалзъя гэж уриалж байгаа.

Нэмж хэлэхэд аав ээжүүдээ хүүхдүүдээ сонсож байгаарай. Учир нь аав ээжүүд хүүхдүүдээсээ асуухгүйгээр хувцас худалдан авдаг. Нөгөөх нь өсвөр насны бидэнд таалагдахгүй тохиолдол их байдаг. Тэгэхээр та хүүхдэдээ хувцас худалдан авах гэж байгаа бол хүүхдүүдтэйгээ ярилцаж байгаад шийдвэр гаргаж байгаарай гэж хэлмээр байна. Бид хүүхдүүдээс бяцхан судалгаа авахад хүүхдүүдийн ихэнх нь шүүгээндээ 5-10 өмсдөггүй хувцастай гэж хэлж байсан. Бид энэ мэтчилэн энгийн зүйлээс эхлэн уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад хувь нэмрээ оруулж чадах юм.

 

Ерөнхий боловсролын Лаборатори Чандмань Эрдэнэ сургуулийн 8в ангийн сурагч Э.Бямбасүрэн:

Хүүхдүүд бид уриалгаа үлгэр дуурайлаараа үзүүлнэ

-Уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлэхийн тулд хүүхдүүд та бүхэн ямар дадлыг уриалж байна вэ?

-Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хувь хүний хүчин зүйлийн нөлөөллийг багасгахад бидний өдөр тутмын энгийн хэрэглээний зөв дадлууд тусалж чадна гэж бид үзэж байгаа. Тиймээс хүүхдүүдийг гэртээ, сургууль дээрээ цахилгаан эрчим хүчээ хэмнэх. Бас ойрхон амьдардаг бол сургуульдаа алхаж ирэх, хогоо зөвхөн хогийн саванд хаяхдаа ангилж хаяж суралцах, бас хэрэглээд хаягдал болсон зай, шил савыг зориулалтын дагуу ачуулж сурахыг аав ээждээ хэлдэг байх. Ойр орчиндоо мод тарих, мод тарихыг ах дүү нар гэр бүлийнхэндээ уриалах, үлгэрлэх. Хэрэглэхгүй зүйлээ бусдад бэлгэлэх, өөртөө хэрэгцээгүй бол худалдаж авахаас татгалзахыг хүүхдүүдэд уриалж байна. Бас бид сургууль дээрээ хогоо ангилж хаяхыг бага ангийн хүүхдүүддээ зааж үлгэрлэдэг. Мөн цаасыг ариг гамтай хэрэглэхийг ч уриалж байна. Гол нь хүүхдүүд бид уриалахдаа өөрсдөө үлгэрлэхийг хичээж байгаа. Ялангуяа бага ангийн дүү нар, аав ээжүүддээ үлгэрлэж хүн бүрийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эерэг дадлыг өдөр тутамдаа мөрдөөсэй гэж хүсэж байгаа. “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бидний оруулах хувь нэмэр” нэртэй аяны үеэр бид багшаасаа маш олон зүйлийг сонсож мэдсэн дээ баяртай байна. Илүү олон хүүхдүүд мэддэг байгаасай гэж бодож байна.

 

Ерөнхий боловсролын Лаборатори Чандмань Эрдэнэ сургуулийн 9б ангийн сурагчид:

Бид дижитал хэрэглээндээ хязгаарлалт хийхийг уриалж байгаа

-Дэлхийн дундаж агаарын температур сүүлийн 100 жилд 0.74 хэмээр нэмэгдсэн тухай мэдээлэл газар авч, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын тухай асуудал хүн төрөлхтний хамгийн тулгамдаж буй асуудал болоод байгаа тухай бид “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бидний оруулах хувь нэмэр” нэртэй аяны үеэр багшаасаа болон зарим хичээл дээр, интернэт орчноос гээд олон сувгаас мэдээлэл авсан.

Агаарын температур ердөө нэг ч хүрэхгүй хувь нэмэгдэх төдийд хүн төрөлхтөн яагаад ингэж сандралдах болов гэж бид өөрсдөөсөө асуух хэрэгтэй юм билээ. Дэлхий дахинд аж үйлдвэрийн хувьсгал, үйлдвэржилтийн эрин үе эхэлснээр агаар мандалд хуримтлагдаж буй хүлэмжийн хийг нэмэгдүүлж, дэлхийн хийн мандлын бүтцийг өөрчлөгдөж эхэлсэн. Түүнээс улбаалан нарны цацрагийн хорт туяа дэлхий рүү ямар нэг шүүлтүүргүй тусах үзэгдэл бий болж, уур амьсгал өөрчлөгдсөөр байна.
Жишээлбэл, хэт халах эсвэл огцом хүйтрэх зэргээр цаг уурын өөрчлөлтүүд үүсэж буй юм. Цаг уурын өөрчлөлтөөс үүдэж мөнх цаст оргилууд хайлж, далайн усны түвшин нэмэгдэн, гамшигт үзэгдлийн давтамж ихсэх болсныг бид олон мэдээнээс харж болно. Жишээлбэл, манай аймгийн Отгонтэнгэр хайрхны мөнх цас жил бүр очиход өөрчлөгдөж, багассаар байгааг манай нутгийнхан мэднэ шүү дээ. Бас бид уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор маш олон мэдээллийг интернэтээс эрж хайж олсон. Эдгээр мэдээллүүдээ бид сургууль дээрээ үе тэнгийнхэндээ мэдээлж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эерэг нөлөөллийг үзүүлэхийг зорьж байна. Өдгөө дэлхий дээр дундаж хэрэглээтэй нэг иргэн жилд таван тонн хүлэмжийн хий үүсгэж байна. Энэ хүрээнд ВВС агентлаг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахын төлөө иргэн бүрийг хэрэгжүүлэх боломжтой зөвлөгөөг өгснийг unread.today –ээс уншиж болно оо.

Тухайлбал, хүн бүр гэртээ болон ажил дээрээ эрчим хүчний хэмнэлттэй, улайсдаггүй чийдэн ашиглахыг зөвлөсөн байна. Шар гэрлийг улайсдаггүй чийдэнгээр сольсноор жилд 68 кг нүүрстөрөгчийн давхар исэл агаарт ялгарахаас сэргийлж, эрчим хүчний зардлыг 50 хувиар хэмнэнэ гэж мэдээлсэн байсан. Тиймээс бид хүүхдүүдийг гэртээ болон сургууль дээрээ эрчим хүчээ хэрхэн хэмнэх талаар үлгэрлэж, хэвшил болгохыг зааж байна.


Хүүхдүүд бид гар утас, компьютерын маш өндөр хэрэглээтэй байдаг. Тиймээс дижитал хэрэглээндээ хязгаарлалт хийхийг мөн уриалж байгаа. Учир нь интернэтэд холбогдож, дата ашиглах бүрд эрчим хүчний хэрэглээ бий болж, CO2 буюу нүүрсхүчлийн хий ялгардаг. Бас бид гар утас интернэтийг тодорхой цагийн хязгаарлалттай хэрэглэх нь эрүүл мэндэд ч хэрэгтэй шүү дээ.

Бас манай ангийнхан үе тэнгийнхэн болон гэр бүлийнхнийгээ жил бүр ойр орчиндоо мод тарихыг уриалж байгаа. Учир нь нэг мод хоногт 180 литр хүчилтөрөгч ялгаруулдаг тул хүлэмжийн хийг бууруулахад чухал нөлөөтэй шүү дээ. Түүгээр ч барахгүй ой мод бол дэлхийн уушги гэж ч ярьдаг. Тиймээс хүчилтөрөгчийг ялгаруулдаг ногоон байгууламжийг нэмэхийн тулд гэрийнхээ ойр орчныг тохижуулахыг өөрсдийн гэр бүлээсээ эхэлж, сургуулийнхаа ногоон байгууламж, мод тарих хөдөлгөөнүүдэд идэвхтэй оролцохыг хүүхдүүд болон багш нар, эцэг эхчүүддээ уриалж байгаа.  

Холбоотой мэдээ