Ашигт малтмал, уул уурхайн салбарын зөвлөгөөн болж байна

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-21 13:52:19
altantogos

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мандалговь хотноо өнөөдөр зохион байгуулж буй “Ашигт малтмал, уул уурхайн салбарын зөвлөлдөх уулзалт-2022” зөвлөгөөнд 150 гаруй төлөөлөгч оролцож байна.

Энэхүү зөвлөгөөн нь эрдэс баялгийн салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, ил тод, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төрийн байгууллага, орон нутаг, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нэгдсэн ойлголцолд хүрэх зорилготой юм.

Үйл ажиллагаанд Ашигт малтмал газрын тосны газрын дарга Л.Баярмандал, тус газрын Нүүрс судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр, Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн дарга М.Энхжаргал, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Б.Сүнжидмаа нарын албаны хүмүүс урилгаар оролцож байгаа аж. 

Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээж хэлсэн үгэндээ “Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, оршин суугаа ард иргэд, сум, аймагт үр өгөөжөө өгсөн уул уурхайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрэн дэмжиж, харин хууль бус үйлдэл гаргаж орон нутаг, ард иргэд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүртэл арга хэмжээ авах болно” гэдгийг онцолжээ.

Мөн газрын доорх болон газрын дээрх баялгийг байгаль орчинд аль болох сөрөг нөлөөгүй, хүн арддаа өгөөжтэйгөөр ашиглаж, нөхөн сэргээгдэхгүй баялаг болох газрын хэвлий дэх ашигт малтмалыг олборлон ашиглахдаа төрийн албан хаагч бүр, аж ахуйн нэгж бүр, нутгийн иргэн бүр ухаалаг байж, уул уурхайгаа зөв зохистой ашиглах шаардлага байгааг тодотгож хэллээ. 



Холбоотой мэдээ