Явган хүний замын стандартын талаар зөвлөн зааварлаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-17 15:17:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын явган хүний болон дугуйн замын стандартын талаар Хотын стандарт, хяналт газрын орлогч дарга О.Оджаргалтай ярилцсаныг НЗДТГ-ын Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлэв.  


Тэрбээр хот суурин газар мөрддөг стандартын талаар ярихдаа, "Монголд хүчин төгөлдөр мөрдөж буй хууль, дүрэм журам, зааврыг дагалдаж гардаг баримт бичиг бол стандарт. Энэ нь тухайн улс орон, хотод иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоож өгдөг. Хүн өглөө гэрээсээ гараад нийтийн харилцаанд орж эхлэхээс орой гэртээ харих хүртэл мөрдөж дагадаг дүрэм юм. Тухайлбал, нийтийн тээвэрт биеэ зөв авч явах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх, явган болон дугуйгаар зорчих, машин унаж замын хөдөлгөөнд оролцох, нийтийн орон сууцанд 22.00  цагаас хойш дуу чимээ гаргахгүй байхаас эхэлнэ. Тэгэхээр стандарт бол нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ юм" гэжээ.


-Явган болон дугуйн замын стандартыг онцолъё. Эхлээд явган хүний замын стандартын тухай ярихгүй юу?

Явган хүний замын стандарт маш чухал. Иймд аюулгүй орчин байх ёстой. Явганаар зорчиж байгаад гэмтэж бэртэх тохиолдол гаргахгүйн тулд аюулгүйн шаардлага тавихаас гадна тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан хэсэг байх учиртай. Авто болон явган хүний замын уулзвар, өндөржилтийн зөрүүтэй замд налуу гаргахаас эхлээд харааны бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд зорчиход зориулсан стандарт боловсруулсан. Тэдэнд зориулсан хөтөч хавтан байршуулах гэхчлэн стандарт бий. Хөтөч шар хавтан гэхэд тасралтгүй үргэлжлэх холбоосоор холбогдсоноор харааны бэрхшээлтэй иргэдэд хөтөч болох онцлогтой.

Улаанбаатар хотод явган хүний замыг усан суурьт будагтай, зиг заг хавтан, асфальтан зам гээд олон төрлийн материалаар хийж байна. Явган хүний замын стандартыг 2020 онд  батлан нийслэлд мөрдөх баримт бичиг гаргасан. Энэ тухай ойлголт өгөх сургалт зохион байгуулж, зөвлөн зааварлаж байна. Хороо, СӨХ, нутгийн захиргааны байгууллагын хэмжээнд сургалт, мэдээлэл өгч байгаа.



-Дугуйн замын хувьд стандарт боловсруулсан уу?

Хүүхэд, залуус цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеэ чийрэгжүүлэх байдлаар дугуй унах нь элбэгшсэн. Тэр хэрээр дугуйн замын стандартыг сүүлийн жилүүдэд хөндөж байна. 2020-2021 онд дугуйн зам стандарт нормын дагуу тэмдэг тэмдэглэгээ тэй эсэх, зорчих урсгалын аюулгүй орчин үгүйг судалсан. Дугуйн зам нэг урсгалтай бол 1.5 м, эсрэг урсгалтай бол 3 метр өргөн байх  ёстой. Хүн багадаа 3-4 км зорчих тул хөл цуцаж ядрах нь бий. Ийм үед амрах, утсаар ярих, түр амсхийх, бусдын хөдөлгөөнд саад болохооргүй зориулалттай зогсоол бий болгох учиртай.

Нийслэлд Таван шараас Офицеруудын ордон хүртэл дугуйн зам барьж байгаа. Захиалагч үүнийг хянаж, дугуйн замын төлөвлөлт, хучилтын тухай зөвлөгөө өгөхөөс гадна болзошгүй эрсдэлээс сэргийлэх, стандарт зөрчих, орц найрлага нь дутмаг байвал зөвлөн туслаж, зөрчил дутагдлыг арилгуулж байна. Ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөлд явган хүний болон дугуйн замыг хэрхэн тавих, ямар материал ашиглах, тухайн компани техник технологи, хүн хүчний хувьд хүчин чадалтай байх зэргийг стандартын баримт бичигт тусгасан байгаа.


-Энэ бүх шаардлага, стандартыг хангуулахад тулгардаг бэрхшээл юу вэ?

Анхан шатанд ажлын зураг гарч, магадлалаар төсөв баталж сонгон шалгаруулдаг. Ажлын зургийг зөв гаргана. Сонгон шалгаруулалтад зураг төсөвт тусгасан даалгаврыг хийх хүчин чадал бүхий компанийг сонгон, ажлаа эхлэхэд зохиогчийн хяналт маш чухал. Захиалагч тогтмол хянаж журнал хөтлөн, баталгаажуулах ёстой. Энэ бүхний дүнд стандарт шаардлагад нийцсэн, аюулгүй орчин бүрдүүлсэн, үр өгөөжтэй ажил болох юм. 


-Улаанбаатар хотод стандарт шаардлага хангасан, иж бүрэн тохижуулсан явган хүний болон дугуйн зам хэр олон байна вэ?

Таван шараас Офицеруудын ордон хүртэлх дугуйн зам хэвтээ тэмдэг, тэмдэглэгээнээс эхлээд стандарт шаардлага хангасан. Явган хүний замын хувьд Москва хороолол, Өнөрийн гудамж орчимд зөвшөөрөлгүй гарааш буулгаж оронд нь ногоон байгууламж, явган хүний зам барьсан.


-Зөвшөөрөлгүй гарааш буулгаж, газар чөлөөлсөн нь иргэдийн талархлыг хүлээсэн. Иргэд саналаа яаж хүргэх боломжтой вэ?

Стандартын баримт бичгийг нутгийн захиргааны байгууллагад хүргүүлэхийн сацуу энэ жил боловсруулсан 22 бүлгийн 97 баримт бичгээ вэб сайт, пэйж хуудсанд байршуулсан. Иргэд энэ бүхэнтэй танилцаж, санал өгөх боломжтой. Боломжит саналыг дараагийн баримт бичгүүдэд тусгадаг.



-Стандартын баримт бичиг боловсруулахдаа гадаадын улс орны адил төстэй баримт бичгийг давхар судалдаг байх. Энэ талаар сонирхуулбал?

Манай орон цаг уурын хувьд онцлог, дөрвөн улирал, эрс тэс уур амьсгалтай. Хийж, хэрэгжүүлж буй ажилд маань энэ онцлогт тохирсон, халуун, хүйтэнд тэсвэртэй байхаас эхлээд чанар, стандартын шаардлага тулгардаг. Бусад улс орны жишгийг харахдаа ижил цаг ууртай, Канад, Швед зэрэг орны туршлагыг судалдаг. 

Холбоотой мэдээ