Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн дансыг хааж, үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-02-10 12:19:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газар (АТГ) эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлж, чанаргүй зээлийн ангилалд орсон Хөгжлийн банкны 52 зээлдэгчийн хэргийг шалгаж байна.


Энэ талаар тус газрын АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн өнөөдөр нийтэд мэдээлэв. Хөгжлийн банкнаас АТГ-т өнгөрсөн сарын 28-нд гомдол мэдээлэл ирүүлсний дагуу тус газар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна. Хөгжлийн банкнаас ирүүлсэн хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан 52 зээлийг хуулийн дагуу олгосон эсэх, зээл олгосон албан тушаалтнууд нь эрх мэдлээ урвуулан ашиглаж зээлдэгчид давуу байдал олгосон эсэх, хахууль авсан эсэх, улсад хохирол учруулсан эсэх зэргээр ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн гэдгийг комиссар Н.Тэмүүлэн онцлов.


Тэрбээр, "АТГ-ын мөрдөн шалгах ажлын хүрээнд 186 үл хөдлөх хөрөнгө, 124 машин, нэг үйлдвэр, нэг лиценз, 13 дансыг битүүмжилж, хязгаарласан. Зээлээ эргэн төлөөгүй 52 иргэн, аж ахуй нэгжийг албан ёсны вэб хуудаст байршуулна.

Мөн Хөгжлийн банканд учирсан хохирлыг арилгуулахаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна:

  • Зээлийн зарцуулалтыг зориулалтын бусаар ашигласан бол гэрээг цуцлах, мөн зээлийг эргэн төлүүлэх, 
  • Зээлдэгч компанийн болон тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө, дансыг захиран зарцуулахад хязгаарлалт тогтоох, 
  • Зээлдэгч ААН-үүдийн эцсийн өмчлөлийг тогтоох, эздийн нууцлаг хөрөнгийг илрүүлэн битүүмжлэх зэргээр төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байна. 

Улс төрд нөлөө бүхий этгээдүүд 52 зээлийн ард бий гэсэн мэдээлэл гарсан ч хууль бүх хүнд шударга үйлчлэх ёстой. Хэрэв УИХ-ын гишүүн зээл авахад нөлөөлсөн нь тогтоогдвол УИХ-д хуулийн дагуу хандан, тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх ажлыг хийнэ” гэлээ. 


Түүнчлэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа эх үүсвэр, бүртгэлийн маргаантай эсэх, аль нэг банкны барьцаанд байгаа эсэх эсвэл хуулийн байгууллагын хязгаарлалт тогтоосон эсэхийг нягтлахыг иргэдэд анхаарууллаа. Тэрбээр, "Иргэд шүүхийн маргаантай үл хөдлөх хөрөнгө худалдан авч, хохирох эрсдэлээс өөрсдийгөө сэргийлж байх хэрэгтэй. Жишээлбэл, "Гантиг Вилла" хотхоны есөн блок барилгыг битүүмжилсэн тул худалдан авахгүй байхыг иргэддээ анхааруулж байна. Тус хотхон нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий учраас битүүмжлээд байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.


Нэмж дурдахад, Монгол Улсын Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон. Монгол Улсын Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна.


Чанаргүй 26 зээлийн талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.
Холбоотой мэдээ