Хэдэн зуун цагаачдын цуваа АНУ, Мексикийн хилийг чиглэн хөдөлжээ

ДЭЛХИЙД | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2022-01-16 13:06:33

МЕХИКО. /TASS/. АНУ-ыг зорьж буй энэ оны эхний хууль бус цагаачдын цуваа бямба гарагт Хондурасаас хөдөлсөн тухай Мексикийн "La Jornada" сонин цахим хуудсандаа мэдээлжээ.


Тус сонинд мэдээлснээр, цагаачдын цуваанд Төв Америкийн орнууд, мөн Венесуэл, Хаити болон Африкийн зарим орны 500 орчим иргэн нэгдсэн байна. Тэдний хэлснээр, тэд ажил хайж, гэр бүлдээ илүү сайхан амьдрал хайн эх орноо орхин явахаас өөр аргагүйд хүрчээ. Цагаачид одоогоор Гватемал улс руу явж байгаа аж. Гватемалын эрх баригчид Коринто муж дахь хилийн боомтын хамгаалалтыг хэдийнээ чангатгасан байна.


Жил бүр хэдэн зуун мянган хууль бус цагаач Мексикийн нутгаар дамжин АНУ-д нэвтрэхийг оролддог байна. Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор цагаачдын асуудлаар 2021 оны наймдугаар сарын сүүлчээр мэдэгдэл хийхдээ, хүмүүс улс орноо орхин явахаас аргагүйд хүрч байгаа асуудлуудыг шийдэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ.


Өнгөрсөн оны 12 дугаар сард Мексикийн эрх баригчид АНУ-д оршин суух эрхээ хүлээж буй цагаачдыг нутаг дэвсгэртээ түр байлгахыг дахин зөвшөөрсөн байна. Цагаачдыг тус улсад түр байлгах хөтөлбөр АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын үед хэрэгжиж эхэлжээ.


2021 оны нэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден өмнөх Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүчингүй болгох хэд хэдэн зарлигт гарын үсэг зурж, цагаачлалын хуулийг сулруулсан юм. Үүний зэрэгцээ АНУ-д оршин суух эрх хүсэгчдийг Мексик рүү илгээх ажлыг мөн зогсоожээ. Гэсэн хэдий ч АНУ-ын Дээд шүүх Байдены засаг захиргаанд "Мексикт үлдээрэй" хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг үүрэг болгосон байна. 

Холбоотой мэдээ