Ардчилсан Үндсэн хууль баталсны 30 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-01-13 07:32:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 30 жилийн ой өнөөдөр тохиож байна.


Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан ба эхний гурван хууль  намч хандлага, марксист үзэл суртлыг баримталж байв. Харин 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ. Тиймээс Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулийн өдөр хэмээн нийтээр тэмдэглэхээр заасан байдаг.


Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуультай болоход тухайн үедээ улс төрийн олон намын төлөөлөлтэйгээр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан 75 хоног хэлэлцэн баталсан түүхтэй. Мөн шинэ Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.


Тухайн үеийн Ардын Их Хурлын депутатууд 1992 онд 70 зүйлтэй шинэ Үндсэн хуулийг батлахдаа 34 зүйлийн 60 гаруй заалтад эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоохоор зааж, шинээр бүрдэх байнгын ажиллагаатай парламентад даатгаж үлдээсэн байдаг. Үндсэн хуулийн эдгээр заалтын дагуу холбогдох хууль боловсруулан баталж, Үндсэн хуулийг амилуулан иж бүрэн хэрэгжүүлэх гол үүргийг 1992-1996 оны Улсын Их Хурал бүрдүүлсэн юм.


Шинэ Үндсэн хуульд Монгол Улсын Их Хурал, төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн институц, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Шүүх эрх мэдлийн байгууллагуудын сонгох, томилох үндэслэл журам, бүрэн эрх, чиг үүрэг, харилцааны зарчим, зохион байгуулалтын үндсийг төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилах, харилцан хяналт тавих зарчмын үндсэн дээр хуульчлан тогтоосон. Төрийн тогтолцооны буюу Монгол Улсын Их Хурлын тухай, Ерөнхийлөгчийн тухай, Засгийн газрын тухай, Монгол Улсын Шүүхийн тухай, Прокурорын байгууллагын тухай, Яам, агентлагийн эрх зүйн байдлын тухай болон эрүү, иргэн, захиргааны хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийг баталж, төр, иргэн-иргэний нийгмийн харилцааны суурь зарчмууд хуульчлагдаж, хүний эрх, эрх чөлөөний эрх зүйн баталгаа бүрдэв. Ингэснээр Монгол Улсад төрийн эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн бие  даасан салаа мөчирт хуваарилагдан, үйл ажиллагаа нь төлөвшин байгаа билээ.


Ардчилсан Үндсэн хуулийг Хөдөлмөрийн баатар, гавъяат хуульч Б.Чимэд голлон боловсруулсан. Улсад тусгаар тогтнол, иргэнд эрх чөлөө, эрх тэгш байдал, төрд ардчилсан дэглэм тогтоосон шинэ Үндсэн хууль нь тухай үеийн олон улсын жишигт нийцсэн, нийгмийн шилжилтийн үед тохируулсан баримт бичиг учир хожим нэмж засварлах зайлшгүй шаардлагатайг ч гавъяат хуульч Б.Чимид онцолсон байдаг. Түүний хэлснээр болж, цаг үе, нийгмийн шаардлагаар өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэд хэдэн санал гарч, 2000 онд долоон зүйлд өөрчлөлт оруулсан. Үүний дараа Үндсэн хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулах ажлын баг 2008-2019 онд долоон удаа байгуулж, 2011, 2012, 2015 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж байсан ч хэлэлцээгүй. Харин хамгийн сүүлд буюу 2019 оны зургаадугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын өргөн мэдүүлсэн. Уг төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанаар 36 удаа 105.9 цаг хэлэлцэж, 2019 оны 11 дүгээр сарын 14-нд эцэслэн баталсан юм. Нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Эдгээр өөрчлөлт засаглалын хяналт, тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэж, 2000 оны долоон өөрчлөлтийн зургааг нь засаж сайжруулсан. Олон жил ярьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаараа долоо дахь парламент (2016-2020) нийгмийн захиалгыг тодорхой хэмжээнд биелүүлэх түүхэн үүрэг гүйцэтгэснийг Ерөнхийлөгч Х.Баттулга уг өөрчлөлтийн эхийг ёсчлон баталгаажуулахдаа онцолж байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 26 буюу Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 95 жилийн ойн өдөр ёсчилсон юм.

Холбоотой мэдээ