Хөвсгөл нуурын БЦГ-т 37.9 км хатуу хучилттай авто зам барих гэрээг хүлээлгэн өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт барих 37.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг БОАЖ-ын сайд Н.Уртнасан БНХАУ-ын “Бээжин Юни-Коонстракшн груп” компанийн гүйцэтгэх захирал Цуй Янд гардуулан өглөө.
Азийн хөгжлийн
банкны санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлалын хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж,
Хөвсгөл нуурын БЦГ-т зам барилгын ажлыг 2022-2023 онд 31 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр
төлөвлөжээ.
Төслийн хүрээнд Хөвсгөл
нуурын БЦГ-т хийх аялал жуулчлалын дэд бүтцийг дэмжих бүтээн байгуулалт хийнэ.
Тодруулбал, Хатгалын төв замыг Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замтай
холбох 2км, Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км, Хатгал-Хүзүүвчийн
шил-Ашихай чиглэлийн 5.5км хатуу хучилттай авто зам барих юм. Мөн Хатгал орчмын
7 байршилд авто зогсоол, Хөвсгөл нуурын БЦГ-т 2 чиглэлд явган болон морин аяллын
жим тохижуулах юм.
Эдгээр авто замын
зураг төсөл боловсруулахдаа тухайн бүс нутгийн байгаль цаг уурын онцлогт тохируулан
олон эилийн мөнх цэвдгийг хөндөхгүй байх, хамгаалах зорилгоор замын нийт уртад
ухмал төлөвлөөгүй аж. Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн авто замын төгсгөлийн 4.1 км-т мөнх цэвдгийг хамгаалах
зорилгоор замын хучилтаас ирэх дулааныг доош дамжуулахгүй зориулалттай
гео-нэхмэл болон гео-торлог хязгаарлагч ашиглахаар төлөвлөсөн нь технологийн
онцлог шийдэл болно. Мөнх цэвдэгтэй бүс нутагт түгээмэл хэрэглэдэг энэ технологийг
манай улсад анх удаа туршиж байгааг “Эс Ар Пи инженер консалтинг Монголиа”
компанийн ерөнхий инженер П.Дэмүүлэн сайд онцолж байв.
Нуурын эрэг
дагуух хайрган хучилттай одоогийн замыг хатуу хучилттай болгож сайжруулснаар
замын тоосжилтоос үүдэлтэй нуурын усны болон орчны бохирдлыг багасгах, олон салаа
замаар хяналтгүй зорчихыг багасгах, аялагч жуулчдын тав тухтай зорчих орчин
нөхцөл бүрдүүлэх давуу талтай аж.