Владимир Путиний хэвлэлийн их хурал тоон үзүүлэлтээр

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-23 11:14:45

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр зохион байгуулдаг хэвлэлийн их хурлаа пүрэв гарагт буюу өнөөдөр хийх гэж байна. Энэ жилийн хэвлэлийн хурал 17 дахь нь болж байгаа юм.


ТАСС агентлаг түүний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчидтэй 2001 оноос хойш хийсэн уулзалтын түүх, статистикийн гол үзүүлэлтүүдийг гаргасныг хүргэе.


Үргэлжилсэн хугацаа

2001 онд Владимир Путин хэвлэлийнхэнтэй хэвлэлийн их хурал хэлбэрээр уулзах болсны шалтгаан нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс ОХУ-ын Ерөнхийлөгчөөс ярилцлага авах маш олон хүсэлт ирүүлсэнтэй холбоотой ажээ. 2001-2020 онд нийт 16 ийм хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ.


Тэрбээр 2001-2008 онд долоо (2005 оныг эс тооцвол), 2012-2020 онд есөн удаа хэвлэлийнхэнтэй уулзсан байна. Владимир Путин 2008 оны тавдугаар сараас 2012 оны тавдугаар сар хүртэл Ерөнхий сайдын албыг хаших хугацаандаа хэвлэлийн ийм хурал зохион байгуулаагүй бөгөөд төрийн тэргүүнээр дахин сонгогдсоныхоо дараа л сэргээжээ.


2001 онд сэтгүүлчидтэй хийсэн анхны уулзалт нь хамгийн богино буюу 1 цаг 35 минут үргэлжилсэн бол 2008 оны хэвлэлийн хурал хамгийн удаан 4 цаг 40 минут үргэлжилжээ. 2004 оноос хойш жил бүр гурван цаг гаруй (2020 онд 4 цаг 29 минут) үргэлжилсэн байна.


Сурвалжлах эрх авсан сэтгүүлч, асуултын тоо

2001-2019 оны хооронд Ерөнхийлөгчтэй уулзах хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчдийн тоо 3.8 дахин нэмэгджээ. 2001 оны анхны хэвлэлийн хуралд 500 гаруй сэтгүүлч оролцох эрх авсан бол 2019 онд 1895 болж нэмэгджээ. 2020 онд коронавирусний цар тахалтай холбоотойгоор 774 сэтгүүлчид сурвалжлах эрх олгосон байна.


2001-2008 оны хооронд Владимир Путинээс асуулт асуусан сэтгүүлчдийн тоо жил бүр нэмэгдсэн байна. 2001 онд тэрбээр 20 сурвалжлагчийн асуултад хариулсны тал нь гадаадын хэвлэлүүдийн төлөөлөгчид байжээ. 2008 онд 80 сурвалжлагч, түүний дотор гадаадын 18 сэтгүүлч Оросын төрийн тэргүүнд асуулт тавьсан байна. 2008 оны энэ үзүүлэлт нь хэвлэлийн их хурлын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 2012-2015 оны хооронд В.Путинээс асуулт асууж амжсан сэтгүүлчдийн тоо буурсан байна. 2012 онд Владимир Путин 62 (гадаадын есөн сэтгүүлчийг оруулаад), 2013 онд 52 (11), 2015 онд 32 (5) сурвалжлагчийн асуултад хариулжээ. 2016 онд 48 сэтгүүлч, түүний дотор гадаадын 10 сурвалжлагч төрийн тэргүүнээс асуулт асууж амжсан бол 2017 онд 55 (6), 2018 онд 53 (8), 2019 онд 57 (8), 2020 онд 38 (2) сэтгүүлчийн асуултад хариулсан байна.


Зохион байгуулсан газар болон шууд дамжуулалт

Анх Оросын удирдагчийн сэтгүүлчидтэй уулзах газар нь ерөнхийлөгчийн ордны нэг хэсэг болох Кремлийн 14-р байрны дугуй танхим байв. 2012 оноос хойш энэ барилгыг сэргээн засварлаж, дараа нь нураах болсонтой холбогдуулан хэвлэлийнхэнтэй хийх Ерөнхийлөгчийн уулзалтыг Краснопресненская эргийн гудамжинд орших Олон улсын худалдааны төв руу шилжүүлжээ.


2020 онд коронавирусний цар тахлын улмаас видео хурлын хэлбэрээр зохион байгуулсан байна.


Владимир Путиний анхны хэвлэлийн хурлыг ОРТ (2002 оноос хойш Первый канал) болон "Россия" телевиз, "Маяк" радиогоор шууд дамжуулсан бөгөөд 2006 оноос тэдэнтэй "Радио России" нэгджээ. 2008 онд эдгээр суваг хурлыг хэсэгчлэн үзүүлсэн бол "Вести-24" суваг, "Вести FM" радиогоор бүрэн эхээр нь үзэж, сонсох боломжтой байв. 2012 оноос хэвлэлийн их хурлыг Первый канал, "Россия-1", "Россия-24" сувгууд, "Маяк", "Вести FM" болон "Радио России" радиогоор шууд дамжуулж байна. Мөн 2015 оноос “Оросын Олон нийтийн телевиз”, 2018 оноос хойш НТВ, 2020 оноос хойш “Мир” суваг үзүүлж байна.


Холбоотой мэдээ