Ц.Отгонбаяр: Сумандаа малын тэжээл тариалдаг болсноор малчид өндөр үнээр тэжээл худалдан авахаа больсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-12-21 19:26:50

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн Түдэвтэй суманд өвөлжилт хэр байгаа. Энэ жил улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг хэрхэн зарцуулсан гээд цаг үеийн асуудлаар сумын Засаг дарга Ц.Отгонбаяртай уулзаж ярилцлаа.

-Түдэвтэй бол Завхан аймгийн хойд бүсийн томоохон сумдын нэг. Өнгөрч буй жилд багагүй хөрөнгө оруулалт хийгдсэн байх. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Манай нутгаар цасгүй, өнөтэй өвөл болж байна. Өнгөрч байгаа 2021 онд дэлхий нийтээр тархсан "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, хорио цээр тогтоох, тусгаарлан эмчлэх зэрэг хойшлуулшгүй их ажлын хажуугаар улсын төсөв болон аймаг сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нэлээдгүй ажлыг хийж амжууллаа.

Тухайлбал, улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр сумын Тамгын газрын барилгыг ашиглалтад бүрэн хүлээж авсан. Мөн сумын соёлын төвийн барилга батлагдсан төсвийн хүрээнд 40 хувийн гүйцэтгэл хийж, ирэх 2022 онд ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 30,0 сая төгрөгийн санхүүжилттэй мал угаалгын тоног төхөөрөмж, зөөврийн хашаа бэлтгэх төслийн хүрээнд Солонгос улсад үйлдвэрлэсэн зориулалтын тоноглол бүхий Бонго жи-3 автомашиныг худалдан авснаар сумын иргэд малчид чөлөөтэй үйлчилгээ авах боломжтой болсон. Сумын орон нутгийн хөгжлийн сангийн 51.0 сая төгрөгийн санхүүжилтээр долоон төрлийн ажил үйлчилгээ хийжээ. Тодруулбал, 18.0 сая төгрөгийн санхүүжилтээр сургуулийн спорт заалны шалыг засварласан байна. Аргалант багийн төвийн дутуу барьсан барилгад нэмэлтээр 7.0 сая төгрөгийн санхүүжилт хийж ашиглалтад орууллаа.

Сумын төвийн айл өрх, албан байгууллага, аж ахуй нэгжүүдийг нэгдсэн хаягжилттай болгож, мал эмнэлгийн болон хөдөө аж ахуйн тасагт шаардлагатай байгаа багаж, тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, рашаан, булгийн эхийг хамгаалах зорилгоор төмөр хайсжуулалт хийх зэрэг ажлуудыг гүйцэтгээд байна.

Түүнчлэн хувийн хэвшлийнхэнтэй хамтарч төв зам дагуу байршил бүхий шинэ суурьшлын бүсэд 1,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтай дунд оврын махны үйлдвэр барьж, барилгын ажил дуусаж байна. Сумын нутаг дэвсгэрт байрлалтай улсын болон орон нутгийн чанартай ашиглалтгүй болсон гурав хүртэлх гүүр, гүүрэн байгууламжийг аймгийн Засаг даргын санхүүгийн дэмжлэгтэйгээр тамгын газрын ажилчдын хүчээр сэргээн засварлаж, хэвийн үйл ажиллагаанд нь оруулаад байна гээд төлөвлөсөн ажлуудаа 90 гаруй хувьтай гүйцэтгэжээ.

-Танай сумын ИТХ хурал хуралдсан. Ирэх онд хэчнээн төгрөгийн төсөв батлагдсан бэ? Малын тоо толгойн албан татварыг хэдэн төгрөгөөр тогтоов?

-Сумын Иргэдийн төлөөлөгчдийн дөрөвдүгээр хурал 12 дугаар сарын 20-нд хуралдлаа. Энэ хурлаар сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, сумын 2021 оны төсвийн гүйцэтгэл, сумын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, сумын 2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төсвийн төслийг баталлаа. Мөн сумын газар зохион байгуулалтын тайлан хэрэгжилт, 2022 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Ингээд сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нийт 121 арга хэмжээ төлөвлөснөөс хугацаа болоогүй 12, "Ковид-19" цар тахлын халдварын тархалттай холбогдож хийгээгүй болон тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон дөрвөн арга хэмжээ, нийт 105 арга хэмжээ хэрэгжиж явц 70 хувийн гүйцэтгэлтэй дүгнэгдлээ.

Харин сумын 2021 оны хөгжлийн төлөвлөгөөнд нийт 117 арга хэмжээ төлөвлөснөөс 9 арга хэмжээ "Ковид-19" цар тахлын халдварын тархалт орон нутагт тархсантай холбогдож хийгээгүй болон тодорхой шалтгааны улмаас хойшлогдож, 108 арга хэмжээ хэрэгжиж 96 хувийн гүйцэтгэлтэй дүгнэгдлээ. Ирэх оны сумын хөгжлийн төлөвлөгөөнд 134 арга хэмжээ төлөвлөгдсөний 70-аад хувь нь бүтээн босголт хөрөнгө оруулалтын арга хэмжээг төлөвлөж батлагдсан байна.

Малын тоо толгойн албан татварыг шинэчилж баталсан. Тухайлбал нэг малд ноогдох татварыг адуу 1000, үхэр 800, хонь 800, ямаа 1000 төгрөгөөр тус тус тогтоолоо. Малын тоо толгойн татварын орлого нь сумын орон нутгийн хөгжлийн санд хуримтлагдаж тодорхой ажлуудад зарцуулагддаг журамтай. Тухайлбал, татварын орлогыг бэлчээрийн менежмент, даацыг сайжруулах, худаг ус гаргах. Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах. Малыг гэмт халдлага гамшгаас хамгаалах, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх. Байгаль орчныг хамгаалах, малын угаалга хийх, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт сурталчилгааны зардалд тус тус зарцуулдаг

 

-2021-2022 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл хэрхэн хангагдсан бэ? Энэ жил танай сум малын тэжээл тариалсан уу? Өвс тэжээл хүрэлцээтэй байгаа юу?

-Монгол Улсын Засгийн газрын тогтоол болон аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд суурин болон хөдөө аж ахуйн гэсэн хоёр ажлын хэсэг байгуулж, 85 хувийн гүйцэтгэлтэй өвөлжилтийн бэлтгэлээ хангажээ. Энэ жил сумын нутаг дэвсгэрт 122 мянган толгой мал өвөлжинө. Отроор хоёр сумын нутагт 1500-аад бог, 100 гаруй бод мал өвөлжиж байна. Өвс тэжээлийн тухайд байгалийн хадлан харьцангуй бага авсан. Учир нь сумын нийт нутгийн 3/1 нь үлийн цагаан оготнод идэгдээд удаж байгаа тул бэлчээрийн ургамал ургахгүй болсонтой холбоотой юм. Ийм нөхцөл байдал үүссэн тул малчидтай хамтран энэ жил малын тэжээл тариалсан. Байгаль цаг уурын хувьд тааламжтай нөхцөл бүрдэж энэ жил сумандаа 700-гаад га газар малын тэжээл тариалж 1400 тонн ногоон тэжээл хурааж аваад байна. Үүний үр шимээр өнгөрсөн жил нэг боодол өвс 10,0 мянган төгрөгийн үнэтэй байсан бол энэ жил 5,0 мянган төгрөгийн үнэтэй болсон байх жишээтэй. Сумандаа малын тэжээл тариалдаг болсноор малчид маань өндөр үнээр тэжээл худалдаж авдаггүй боллоо.


-Хүнсний ногоо тариалсан уу?

-Манай сумын тухайд газар тариалан эрхэлж байсан туршлагатай. Хуучин нэгдлийн үе буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байх үед 2.5 мянган га газарт малын тэжээл, хүнсний ногоо тариалж байгаад 1990 оноос хойш энэ чиглэлийн үйл ажиллагаа үндсэндээ зогсонги байдалд орсон. Харин сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбар сэргэж байна. Өнгөрсөн хавар гэхэд малчдадаа газар тариалангийн чиглэлээр 500-гаад га газрыг эзэмшүүлж, олгосон. Одоогоор суманд газар тариалангийн чиглэлээр гурван аж ахуйн нэгж, малчдын бүлэг хоршоонууд 1500 га газрыг эргэлтэд оруулаад байна. Хойшид газар тариалангийн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд техник, тоног төхөөрөмжийг бэлтгэх. Усалгаатай газар тариалан руу шилжих зайлшгүй шаардлага гарч байна. Хүнсний ногоо тариалалт харьцангуй бага байгаа. Энэ жилийн тухайд хоёр аж ахуйн нэгж, хувь хүмүүс нийт гурван га-д тариалалт хийж 25 тонн төмс, хүнсний ногоо хурааж авсан байна.

-Манай аймагт малын шүлхий өвчин гараад байгаа. Танай сумын хувьд малын өвчлөл хэр байна вэ?

-Манай суманд одоогоор малын шүлхий өвчин гараагүй байна. Гэхдээ хил залгаа сумдад гарч байгаа тул урьдчилан сэргийлэх талаар ажлын хэсэг байгуулж, иргэд олон нийт малчдад сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна. Ялангуяа голомт бүхий Сантмаргаз, Сонгино, Нөмрөг, болон Баянхайрхан сумын Минж, Асгат баг мөн Асгат сумтай хил залгаа байдаг малчидтай хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байна. Шүлхий өвчний халдварын тархалттай холбогдуулж мал сүргийн шилжилт хөдөлгөөнийг бүрэн хориглож, мал сүрэгт эрүүл мэндийн үзлэг, тандалт судалгааг хийж байна. Сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд томилгоо хийж эрсдэл бүхий газар нутгийн зураглалыг гарган ажиллаж байна.

Манай суманд “Баруун Аргалант”, “Баянбадрал Ойгон” гэсэн хоёр мал эмнэлгийн үйлчилгээний нэгж үйл ажиллагаа явуулдаг. Сумын мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх угаалга, тарилга туулгалтад технологийн дагуу цаг хугацаанд нь бүрэн хамруулсан. Тухайлбал, малын шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх угаалга, ажил үйлчилгээнд 26986 толгой мал, туулгалтад 21206 толгой мал нийт 76.8 мянган толгой малыг тарилга, туулга, үзлэг эмчилгээнд хамруулж, ажлын гүйцэтгэл 99.6 хувьтай байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иж бүрэн тоноглогдсон Бонго жи-3 маркийн мал угаалгын автомашиныг худалдан авснаар малчдын өвөлжөө бууц, хашаа хороог ариутгах, мал сүргийг угаалгад хамруулах ажлыг хугацаа алдалгүй бүрэн хийх боломж бүрдсэн.

-Жил бүр сумдаас мал мах бэлтгэлийг хийдэг. Танай сумын тухайд энэ жил хэрэглээнд болон худалдаанд хэчнээн толгой малыг зарцуулж байна вэ?

-Манай сум энэ жил хүнсэнд 2670-гаад толгой мал, зах зээлд 28000 гаруй толгой малыг худалдсан. Улаанбаатар хотод болсон махны өргөтгөсөн худалдаанд хуваарийн дагуу оролцоод ирсэн. Мал эмнэлгийн тасгаас нийт 1100 гаруй гарал үүслийн бичгийг иргэд, мал махны чиглэлээр худалдаа арилжаа хийдэг аж ахуйн нэгжүүдэд олгосон байна.

-Сум хөгжүүлэх сангийн зээл болон хөрөнгө оруулалтын үр дүн гарч байна уу? Ер нь иргэд ямар төрлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж ирүүлж байна вэ?

-2011 оноос хойш сум хөгжүүлэх сангаас нийт 138 иргэн зээл авсан. Зээл авсан иргэдийн ихэнх нь модон эдлэл, хатуу, зөөлөн оёдол, дугуй засвар, сүү цагаан идээ үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл ирүүлсэн байна. 2021 онд гэхэд 13 иргэн, аж ахуйн нэгж төслийн материал ирүүлж зургаан төслийг шалгаруулан 45 сая төгрөг, малжуулах төслөөр гурван иргэнд 9 сая төгрөгийн зээлийг олгоод байгаа. Зээлийн эргэн төлөлтийн төлөвлөгөөг давуулан биелүүлж 73 сая төгрөгийг төвлөрүүлсэн боловч Сум хөгжүүлэх санг хоршоог дэмжих чиглэлээр өөрчлөх болсонтой холбоотой зээл олголтыг зогсоосон байна. Шинэчлэгдсэн журмын төслийг хэлэлцэж байна. Журмын төсөл батлагдахаар шинэчлэгдсэн журмаар зээл олголтыг үргэлжлэн явуулна.

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар суманд энэ жил ямар бүтээн байгуулалтууд хийв?

-Энэ онд суманд орон нутгийн хөгжлийн санд 51.0 сая төгрөгийн санхүүжилт хуваарилагдан батлагдаж иргэд, олон нийтээс гаргасан саналыг эрэмбэлж зарцуулсан. Тухайлбал, сумын төвийн нэгдсэн хаягжуулалтын ажлыг 5.0 сая, Сант толгойн арын булгийн эхийг төмөр хайсаар хашиж хамгаалах ажлыг 5.0 сая, Аргалант багийн төвийн барилгын ажилд 7.0 сая, эрсдэлийн сангаас Ковид-19 цар тахлын урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд 12.0 сая, мал эмнэлгийн мэс ажилбарын багаж худалдан авахад 0.5 сая, малын биеийн хэмжилт хийх багаж авахад 1.7 сая, ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны шалны засварт 10.0 сая, Сант толгойн өврийн тохижилтын ажилд 10.0 сая төгрөг гэх мэтчилэн төсөвлөж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг зарцуулжээ.

Харин 2022 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалт нэмэгдэж 107.0 сая төгрөгөөр батлагдсан. Өмнөх онуудыг бодвол хоёр дахин нэмэгдсэн байна.Тэгэхээр иргэдээс ирүүлсэн саналуудыг эрэмбэлж хөрөнгө оруулалтуудыг хийнэ. Ирэх оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх саналуудаас хамгийн олон санал авсан төслүүдийг дурдвал, сумын Эрүүл мэндийн төвийн мэс ажилбарын тоног төхөөрөмжтэй болгох төсөлд 540 санал ирсэн байна. Насанд хүрсэн сумын нийт хүн амын 50 орчим хувь нь саналаа өгсөн байна. Энэ төсөл хэрэгжсэнээр зөвхөн манай сумын иргэд ашгийг хүртээд зогсохгүй тойргийн найман сумын иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирна гэсэн үг юм.

Мөн өвөлжөө бууцанд ариутгал хийх төсөлд 410 иргэн санал өгсөн байна. Сумын нийгэм эдийн засгийн гол салбар мал аж ахуйд оруулж буй хөрөнгө оруулалт нь хамгийн чухал зүйл юм. Малчдын өвөлжөө бууц цэвэр байхад  мал сүрэг эрүүл байна. Ингэснээр эрүүл мах, сүүгээ хэрэглэх, мал аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт өснө гээд давуу талтай шүү дээ. Түүнчлэн иргэдээс олон санал авсан нэг хөрөнгө оруулалт нь худгийг ухаалаг төлбөрийн системтэй болгох төсөл. Энэ төсөлд 405 иргэн санал өгчээ. Иргэд 24 цагийн турш цагийн хуваарьт баригдалгүй ундны усаа авах нөхцөл бүрдэнэ гэсэн үг юм. Эдгээрээс гадна их санал авсан төслүүд байгаа. Хэлэлцэж байж шийднэ.

-Байгаль орчныг хамгаалах чиглэлээр энэ жил ямар ажлууд хийв?

-Түдэвтэй сумын бахархал болсон Ойгон нуурын сав газрыг улсын тусгай хамгаалалтад бүртгүүлэхээр материалыг бүрдүүлж холбогдох газарт хүргүүлсэн байгаа. Мөн өнгөрсөн жил 47 га талбай тэлээд байсан сумын нэгдсэн хогийн цэгийг түрж, ариутгасан. Шинээр 4 га талбайд шинэ хогийн цэгийг төвлөрүүлсэн. Малын бойны цэгийг цэвэрлэж, ариутган засвар үйлчилгээ тохижилтыг хийсэн. Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтарч сумын аялал жуулчлалын маршрутыг гаргаж, Завхан аймгийн аялал жуулчлалын нэгдсэн маршрутад бүртгүүлсэн. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” аяны хүрээнд сумандаа 500 гаруй мод, бут тарьсан. Ирэх онд 15000 мод тарьж ургуулахаар төлөвлөсөн байгаа. Сумын төвийн худгийн усны дээжийг авч лабораторийн шинжилгээнд хамруулсан. Байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр сум дундын ойн ангитай хамтарч хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

-Боловсрол, эрүүл мэндийн салбарт томоохон ямар ажлууд хийсэн бэ?

-Сумын ерөнхий боловсролын сургуульд ариун цэврийн байгууламжтай болох нэн шаардлагатай байсан. Ингээд стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламж барихаар төлөвлөж зураг төслийн ажлыг энэ онд хийж, тендер зарлагдаж гүйцэтгэгч компани тоног төхөөрөмж, материалуудаа байрлуулсан, барилгын ажил эхлээгүй байна. Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургууль багш боловсон хүчний нөөц бололцоо хангалттай ажиллаж байна. Танхимын хичээлийг 2021 оны 9 дүгээр сарын 1-нээс эхэлж сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулсан.

Ирэх 2022 онд ерөнхий боловсролын сургуульд багш хөгжлийн төвтэй болохоор аймгийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан байна. Мөн англи хэлний багш Н.Цэнд Аюушийн бэлтгэсэн шавь 12а ангийн сурагч Ганхуягийн Баярмаа нь АНУ-ын засгийн газрын санхүүжилттэй ‘’Ирээдүйн манлайлагчид’’-ын солилцооны хөтөлбөрт Монгол Улсаас суралцах 20 сурагчийн нэгээр шалгарч Nevada мужийн Fallon хотын ахлах сургуульд одоо суралцаж байна. Энэ амжилт нь Завхан аймгийн сурагчдын анхдагч болж байгаагаараа онцлог юм.

Манай сумын Эрүүл мэндийн төв А зэрэглэлийн эрүүл мэндийн төвийн статустай ажиллаж байна. Тойргийн сумдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж ажиллахад боловсон хүчний нөөц дутмаг байсан. Энэ оны 11 дүгээр сард эмэгтэйчүүд, мэс заслын их эмч нар резидентээр суралцаж ирснээр сумынхаа болон бүсийн сумдын ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүрэн үзүүлэх боломжтой болсон. Одоо долоон их эмчтэйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн фургон автомашиныг 60 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тусгай тоног төхөөрөмжөөр тоноглож цар тахлын үед болон алсын дуудлагад ашиглан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Сумын хэмжээнд нийт 128 иргэн коронавируст халдвараар өвчилж, аймагт 22 хүнийг суманд 106 хүнийг эмчилж эдгээсэн байна. "Ковид-19" цар тахлын үед халдвартын тасгийн байрыг 12 ортойгоор тусгаарлан гаргаж ачаалал нэмэгдсэн үед сургуулийн 75 хүүхдийн дотуур байранд халдвартын эмнэлгийг дэлгэж өвчтөнүүдийг тусгаарлан эмчилсэн. Өнөөдрийн байдлаар халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ