Монголд чацаргана, ноос ноолуур, гоо сайхны 5 кластер хөгжиж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоршин хамтарч ажиллах кластерын системийг манай улсад Европын холбоо болон Герман улсын ХАҮТ сүүлийн жилд 3-4 салбарт хэрэгжүүлж байна. Тодруулбал, Германы ХАҮТ-уудын холбоо Увс аймагт чацаргана тариалж боловсруулж, улмаар экспортлох “ProValue” төслийг хэрэгжүүлж байна.
Мөн Европын Холбооны санхүүжилтээр ТРАМ төслийн хүрээнд Архангай аймагт ноосон бүтээгдэхүүний кластерыг торомны ноос, сарлагийн хөөвөр, арьс шир бэлтгэн боловсруулж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргахад хэрэгжүүлж байна. Мөн манай улсад өнгөрсөн онд самрын кластерыг байгуулаад байгаа юм. Энэ талаар “Кластерчилсан хөгжлийн санаачилга” уулзалтад оролцогчид тодотгож байна. Уулзалтаар эдийн засгийн салбаруудыг кластераар хөгжүүлэх боломж, давуу тал, ХБНГУ-ын кластерчилсан хөгжлийн туршлага, Монгол Улсад хөгжүүлж буй кластеруудын талаар хэлэлцсэн юм.
Кластерчилсан
хөгжил нь эдийн засгийн хөгжлийг дэмжих үр дүнтэй хэрэгсэл төдийгүй хөгжлийн
шинэ чиг хандлага болж байгааг уулзалтад
оролцогч нар онцолж, эдийн
засгийг кластераар хөгжүүлэхэд төр-хувийн хэвшил хамтын оролцоо чухал байгааг хөндлөө. Уулзалтын үеэр Германы эдийн засгийн зөвлөх,
Лайбницын эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн судлаач Вольфганг Дюрих тавьсан илтгэлдээ, Герман
улсад
500 гаруй бүс нутгийн кластерын
санаачилга
сүлжээ хөгжиж буйг танилцуулав.
Үүнээс
370 орчим нь технологид чиглэсэн кластерын байгууллага, тэргүүлэх кластеруудын
хувьд идэвхтэй, талуудын оролцоо маш сайн, хамтын стратегиа сайтар баримталдаг
онцлогтойг тэмдэглэж байв.
Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслөөс соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлал, хөдөө аж ахуй тэргүүтэй салбарт дэмжлэг үзүүлэх боломжтойг уулзалтын үеэр илэрхийлсэн юм.
Уулзалтад Увс
аймаг дахь чацарганын кластерын үйл ажиллагааны талаар МҮХАҮТ-ын Увс аймаг
дахь салбар танхимын дарга С.Сэржим, Монгол Улсын Засгийн газраас кластерчилсан
хөгжлийн чиглэлээр баримталж буй бодлогын талаар ЖДҮГ-ын Бодлого зохицуулалтын
хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Зөгийн балны кластер байгуулах санаачилгын талаар Японы олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагын эксперт Нишияма Акиёо
танилцуулж илтгэл тавив. Мөн энэ үеэр эдийн засгийг төрөлжүүлж,
тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахуйц кластерын хөгжлийн талаар хэлэлцлээ.
Тодруулга: Кластер
гэдэг нь тодорхой нэг салбарт болон газар зүйн байршилд хоорондоо
харилцан хамааралтай үйл ажиллагаа явуулдаг бизнесийн хамтын ажиллагаа юм. Энд судалгааны
болон төрийн байгууллагуудын хамтрал, тухайлсан салбарын бизнесийн үйл ажиллагааны бүтээмж, өрсөлдөх
чадварыг үндэсний болон олон улсын хэмжээнд нэмэгдүүлэх зорилго үйлчилж байдаг.