МАН: Бүх шатанд сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин мөрдүүлнэ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-07 14:50:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын 30 дугаар Их хурал "Улаанбаатар палас"-ын танхимд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хурлаас өнөөдөр иргэд, олон нийтэд хандан уриалга гаргасныг ХНХ-ын сайд А.Ариунзаяа сонордуулав. 


Уриалгад, "Өнгөрсөн 100 жил бол МАН үүсгэн байгуулагчдынхаа чин эрмэлзэл, үзэл санааны дор ард түмэнтэйгээ хамт улсынхаа тусгаар байдал, бүрэн эрхийг тэмцэн олж, улмаар ардчилсан тогтолцоогоор баталгаажуулсан түүхэн үе байлаа. МАН бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болж ирсэн улс төрийн хүчин мөн. Ээдрээ бэрхшээл, хатуу сорилтоор эхэлж буй шинэ зуунд манай нам хөгжил дэвшил, оршин тогтнохын үндэс, бие даасан, өндөр чадамжтай, хүчирхэг аж ахуй, үйлдвэрлэл бүхий эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлсэн улс болоход бүхий бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх болно. Ийм бодлогын төвд хууль, төр засгийн ажил үйлээр хүний эрх нь хангагдсан, чөлөөт, эрүүл, боловсролтой хөдөлмөрч иргэнтэй байх болно. Бид иргэн бүрийн хүсэл эрмэлзэл, бүтээлч идэвхийг бүхий л талаар хөхиүлэн дэмждэг, оролцоог хангадаг, хууль дээдлэх ёс, шударга зарчимд суурилсан улс төрийн ардчилсан тогтолцоо, парламентын засаглалыг төгөлдөршүүлэн бүх шатанд сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин мөрдүүлж, төр, иргэний хоорондын итгэлцлийг шинэ түвшинд гаргана. 


Төлөөллийн ардчиллын зарчмаар байгуулсан төр засаг үндэстний эв нэгдлийг нүдний цөцгий мэт нандигнан хамгаалж одоо болон ирээдүй үеийнхний хүсэл мөрөөдөл, мөн эдийн засгийн болон байгаль экологи, амьдрах таатай орчны шаардлагын тэнцвэрийг олсон ногоон хөгжлийн загварыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Энэ бүхнийг хэрэгжүүлэх арга замыг үндэсний язгуур эрх ашигт нийцүүлэн сунгаж, урт, дунд, богино хугацааны хөтөлбөр болгон олон нийтээр шүүлгэн, төр, хувийн хэвшил, нийгмийн бусад бүлэг давхаргын бодитой оролцоо, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын харилцан ашигтай хамтын ажиллагаагаар гүйцээх бүрэн боломжтой байна. Зууны турш монголын ард түмний итгэл найдварыг тээн хэрэгжүүлж ирсэн улс төрийн ууган хүчний хувьд, үүрэх ачаа, хүлээх хариуцлага, шинэ зууны шинэ сэргэлтийн ач холобгдлыг гүн ухамсарлаж, МАН-аас дэвшүүлж буй энэ зорилго хэрэгжихэд иргэн бүрийн оролцоо, итгэл үнэмшил, хүчин чармайлт, шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон МАН-аас шинэ зуунд дэвшүүлж буй энэ зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг ард түмэндээ уриалж байна" гэжээ.

Холбоотой мэдээ