Өөрийгөө хичээх бус, боломжоо хуваалцахыг залууст уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-11-19 15:59:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залууст зориулсан "Z networking conference-2021" дижитал үйл ажиллагаа МҮХАҮТ-д болов. Ирээдүйд хөдөлмөрийн зах зээл дээр гарах залуусыг чадавхжуулж, энтрепренер сэтгэлгээг төлөвшүүлж, залуусын хамтын ажиллагааг дэмжих зорилготой уг чуулга уулзалтыг "Хуваалц, суралц, бүтээ!" уриан дор “ЦойлогсоZ” төслөөс зохион байгууллаа.




Энд нийгмийг тэргүүлж буй залуусын төлөөлөлөгч нар болох “Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан, “Сонсголгүйн боловсрол” ТББ-ын тэргүүн А.Баасанжав, “Говь” ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Гэрэлмаа, сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн тамирчин О.Хулан, “Unread”-ын үүсгэн байгуулагч А.Ундрал, “Michel Amazonka”-ын дизайнер, артист Б.Энх-Оюун нар оролцож хийж буй ажил үйлсээ танилцуулж, туршлага, нийгмийн талаарх байр сууриа илэрхийлж, оролцогч залуустай санал бодлоо хуваалцлаа.




“Ахиллис Монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч О.Саранчулуун: -Хүн бүрд өөрийн гэсэн бэрхшээл байгаа. Түүнийгээ хүн дотроо нуусаар байвал бэрхшээлдээ боомилогдож, өөртөө ялагдсаар байх тул бусадтай хуваалцах хэрэгтэй. Тэр цагт чи ганцаараа биш гэдгээ мэдэж амьдралд тулгарч буй бэрхшээлийг хамтын хүчээр даван туулж чадна.


“Лантуун дохио ТББ”, үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан-Одоо бидэнд байгаа боломж хойшоо хоёр уул даваад амьдарч буй залуусын боломжоос ондоо. Бүр хөдөө, сум руу очвол тэндэхийн залуус бас “ондоо” боломжоор хангагдаж байгаа. Тиймээс зөвхөн өөрийгөө хичээх биш хоорондоо хуваалцан бие биеэ хайрлаж яваарай.






“Сонсголгүйн боловсрол” ТББ-ын тэргүүн А.Баасанжав, "Одоогийн хүүхэд залуус боломж бололцоо сайтай, тэгш нийгэмд амьдарч байна гэж би боддог. Би өөрөө “маш тэгш бус” нийгэмд амьдардаг байсан л даа. Тухайн үед өөртөө итгэх итгэлгүйн дээр “сонсголгүй байж би энэ нийгэмд яаж хөлөө олно доо” гэсэн бодолтой залуус олон байсан.

Гэхдээ сонсголгүй хүн бүхнийг чадахгүй гэсэн зүйл байхгүй. “Чи сонсохгүй байсан ч энэ байгалийн сайхныг харж байгаадаа талархаж яваарай. Өөр хэлээр харилцах боломж чамд байгаа. Энэ хэлийг харах боломжтой байгаадаа талархаж бай” гэж би залууст хэлдэг. “Michel&Amazonka” дизайнер, артист Б.Энх-Оюун, "Хуучин хувилбараасаа сайжирч л байвал өөрийгөө бусадтай харьцуулаад хэрэггүй. Учир нь хүн бүр өөр өөрийн гэсэн хурдтай” хэмээн үзэл бодлоо хуваалцлаа.





Цар тахлаас үүдэн танхимаар болон цахимаар болсон залуучуудын энэ оны анхны дижитал "Z networking conference-2021"-ээр залуусын оюунд хөрөнгө оруулах бэлгүүдийг задалж, шинэ үеийн сэтгэл зүй, үе хоорондын ялгаа зэрэг судалгаанд үндэслэсэн сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлэв. Оролцогчдын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд дохионы хэлмэрч ажиллажээ. Үйл ажиллагааны дүрс бичлэгийг орон нутгийн телевизүүдээр дамжуулан олон нийт болон аймгуудын залууст хүргэх аж





Холбоотой мэдээ